Гурван бөх алтан медалийн төлөө барилдана

Хуучирсан мэдээ: 2014.04.24-нд нийтлэгдсэн

Гурван бөх алтан медалийн төлөө барилдана

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр манай 5 бөх дэвжээнд гарч барилдсанаас эрэгтэй 74 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер П.Өнөрбат, 96 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Д.Хүдэрбулга, эмэгтэй 48 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл нар алтан медалийн төлөө барилдахаар шалгараад байна. Тэрчлэн 61 кг-ын жинд спортын мастер Н.Лхамгармаа хүрэл медалийн төлөө Өмнөд Солонгосын бөхтэй барилдана. 70 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Батзориг казахстаны бөхөд ялагдан тэмцээнийг орхижээ.

Э.Нарангэрэл нутгийн бөх, азийн хошой аварга Татьяна Аманжолтой барилдах бол П.Өнөрбат ираны бөхтэй, Д.Хүдэрбулга киргизийн бөхтэй таарчээ.

Өчигдөр 3 алтан медаль авсан ираны багтай манай баг тэргүүн байрын төлөө өрсөлдөж байгаа болохоор өнөөдрийн медалийн төлөөх барилдаанууд маш чухал болж байна.

Өсвөр, залуучуудын насандаа сайн барилдаж байсан ч ДАШТ, Дэлхийн цомын төлөө тэмцээн, Гран-При тэмцээнүүдэд удаа дараалан оролцуулж байгаа ч медаль авахгүй байна гэсэн шүүмжлэлд өртөөд байсан олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэлийн хувьд энэ удаа хэн болохоо харуулах сайхан боломжтой болоод байна.

Тивийн аваргын тэмцээнээс П.Өнөрбат дөрөв дэх, Д.Хүдэрбулга гурав дахь медалиа авах нь тодорхой болж одоо ямар өнгийнх гэдэг нь анхаарал татаж байна.

Тэмцээний шигшээ барилдаан орой 21.30 минутанд эхэлнэ.

Д.ӨЛГИЙСАЙХАН /МЧБХ/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж