“Бүүвэй”-н түүх амилав

Хуучирсан мэдээ: 2014.04.24-нд нийтлэгдсэн

“Бүүвэй”-н түүх амилав

Баян тансаг, ядуу хоосон амьдралын дунд орхигдох хүн чанар. Эх үрийн нандин холбоог өгүүлэх “Бүүвэй” жүжиг дөрөвдүгээр сарын 23-нд Драмын эрдмийн театрын тайзнаа нээлтээ хийлээ.

Тус жүжгийн үйл явдал утга, санаа хэн бүхний нүдэнд ил, тодорхой. Залуучуудын гаргадаг нийтлэг алдаа болсон үр хөндөлтийн хор хөнөөлийг жүжигт тусгах бөгөөд хүний хүүхдийг ч өөрийн мэт хайрлах сэтгэлийн тэнхээ эр хүний дотор байдгийг харуулжээ. Хөнгөн шийдвэр, тоглоом тохуу болсон хайр, таван жилийн туршид үнэнчээр хайрлах үнэнч хайрын ялгаа юунд байв?

Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуягийн зохиол, найруулгаар тавигдсан “Бүүвэй” жүжгийн туслах дүрд тоглосон Ардын жүжигчин С.Сарантуяа энэ бүтээлийн амин сүнс нь гэмээр байв. Тэрээр далан настай эмэгтэйн дүрийг тун чадварлаг бүтээж, үзэгчдийг өөрийн дүрээр илэрхийлэх дотоод сэтгэлийн мөн чанартаа автуулах нь гайхалтай.

Ямартаа л жүжгийн төгсгөлд найруулагч Н.Ганхуяг “Сараа маань өөд болсон ээжийг минь тайзан дээр эргүүлэн авчирах шиг санагдлаа” хэмээн сэтгэлийн үгээ илэрхийлсэн нь энгийн хэрэг биш юм. Учир нь “Бүүвэй” жүжгийг найруулагч Н.Ганхуяг өөрийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээжээ.

Энэ гайхалтай бүтээлийг хамгийн их гутаасан хүмүүс бол үзэгчид гэмээр байв. Жүжиг эхлээд бараг цаг гаруй хугацаа өнгөрч байхад үзэгчид цуварч ирсээр л байлаа. Энд тэндгүй утсаараа оролдсон, чихэр жимсний уут шаржигнуулсан хүмүүсийг цаашид ийм байдлаар театрт жүжиг үзүүлмээргүй санагдав.

Драмын эрдмийн театрын хамт олон 2010 онд В.Крансногоровын долоон жүжгийг тайзнаа тавих төслийг амжилттай хэрэгжүүлж байсан удаатай. Тэгвэл тус төслийн үргэлжлэл болгон 2014 онд “Бэсрэг жүжгийн төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа, энэ хүрээнд “Бүүвэй” жүжгийг үзэгчдэд хүргэсэн гэдгийг дахин сануулъя.

“Бүүвэй” жүжиг бол уг долоон аяллын хоёр дахь бүтээл нь юм.  “Бүүвэй” жүжгийн Нанидангийн дүрд жүжигчин Т.Хулан, Дуламд Гавьяат жүжигчин С.Сарантуяа, Үнэнбатад  жүжигчин Б.Тамир, Очирсүрэнд жүжигчин Г.Амгаланбаатар, Өлзийгийн дүрд Ц.Цэрэнболд нар тогложээ.

Баяр хүргэе, “Бүүвэй” жүжгийн уран бүтээлчдэдээ.

Э.ТЭКҮ














NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж