Габриал Гарсиа Маркезыг сүүлчийн замд нь үдлээ

Хуучирсан мэдээ: 2014.04.24-нд нийтлэгдсэн

Габриал Гарсиа Маркезыг сүүлчийн замд нь үдлээ

Tagtaa Publishing

МЯНГА МЯНГАН
ШАР ЭРВЭЭХИЙ, МЯНГА МЯНГАН ШҮТЭН БИШРЭГЧИД НЬ ШИДЭТ ХҮҮРНЭЛЧ, НОБЕЛИЙН ШАГНАЛТ
ЗОХИОЛЧ ГАБРИАЛ ГАРСИА МАРКЕЗЫГ СҮҮЛЧИЙН ЗАМД НЬ ҮДЛЭЭ.

Шидэт реализмын
эцэг Габриал Гарсиа Маркез 4 сарын 17-ны өдөр 87 насандаа таалал болсон билээ.

Уржигдар буюу 4
сарын 22-ны өдөр зохиогчийн сүүлийн 30 гаруй жил амьдарч, бүтээж байсан
Мексикийн нийслэл Мехико хотын Bellas Artes Palace-д их зохиолчийг сүүлийн замд
үдэж, хүндэтгэл үзүүлэх олон нийтийн ёслолын ажиллагаа болж өнгөрчээ. Уг ёслолд
Колумбын ерөнхийлөгч Хуан Мануэл Сантос, Мексикийн ерөнхийлөгч Энрике Пенья
Ньето нар оролцож, мянган мянган иргэд их зохиолчид хүндэтгэл үзүүлэхээр
цугларчээ.

Зохиогчийн
чандарыг гэр бүлийн сүмээс шилжүүлж Bellas Artes Palace-ийн хүндэтгэлийн индэрт
ёслол төгөлдөр байрлуулжээ. Өнгөрсөн долоо хоногт Нобелийн шагналт их
зохиолчийг чандарлаж, гэр бүлийн хүрээнд оршуулах ёслолыг хийсэн байжээ.

Их зохиолчийг
эцсийн замд үдэх ёслол болсон газрыг зохиогчийн дуртай цэцэг шар сарнайгаар
чимэглэж, ёслолын ажиллагааны төгсгөлд мянга, мянган шар, цаасан эрвээхий
хийсгэжээ.

Орчин цагийн
сод зохиолч, шидэт хүүрнэлч Габриал Гарсиа Маркез ийнхүү мянган мянган шүтэн
бишрэгчдийнхээ бишрэл, хүндэтгэл, алдарт Зуун жилийн ганцаардал роман дээрх
шидэт зураглалууд болох шар цэцэгс, шар эрвээхийсээр үдүүлсээр хүний ертөнцөөс
мордлоо. Гэвч тэр гайхамшигт зохиол, бүтээлүүдээрээ хүн төрөлхтний зүрх сэтгэлд
хэдийн мөнхөрсөн билээ.


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж