Ц.Батчулуун хамгийн өндөр амжилттай байна

Хуучирсан мэдээ: 2014.04.24-нд нийтлэгдсэн

Ц.Батчулуун хамгийн өндөр амжилттай байна

Арабын нэгдсэн Эмират улсад шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Энэ сарын 26-нд дуусах тус тэмцээний эхний долоон өргийн тоглолт дуусав.

Манай улсаас уг тэмцээн эрэгтэй гурав, эмэгтэй хоёр шатарчин өрсөлдөж байгаа юм.

Долоон өргийн дараахь байдлаар их мастер Ц.Батчулуун 4.5 оноотой 11, Б.Гүндаваа дөрвөн оноотой 23, олон улсын мастер Г.Мөнхгал гурван оноогоор 47 дугаарт эрэмбэтэй болжээ. Эрэгтэйчүүдийг Хятадын гурав, Узбекстаны нэг шатарчин ижилхэн 5.5 оноотой тэргүүлж байна.

Тэгвэл эмэгтэйчүүдээс их мастер Б.Мөнгөнтуул дөрвөн оноотой 13, ФИДЕ мастер Б.Ану гурван оноогоор 23 дугаарт бичигдэж эхэллээ. Уг ангилалд Индонезийн их мастер тэргүүлж явна.

Индонезийн их мастер Irine Sukandar Kharisma

Их мастер Т.Батчимэг 12 дугаар байр эзлэв

ОХУ-ын Хантымансийск хотод дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын гранпри тэмцээний дөрөв дэх цуврал өндөрлөлөө.

Энэ удаагийн цувралд Хятадын их мастер, дэлхйн аварга цолыг эзэмшигч Хоу Ифань 8.5 оноогоор итгэл төгс тэргүүлэв. Түүний араас ОХУ-ын их мастер Ольга Гиря, Александр Костенюк нар удаалсан байна. Уг тэмцээнд манай улсаас их мастер Т.Батчимэг оролцсон бөгөөд тэрээр 12 дугаар байр эзэлжээ.

Эмэгтэй шатарчдын тав дахь цуврал Арменийн Дилижан хотод болох бол сүүлчийн зургаа дахь тэмцээнийг манай улс эх орондоо зохион байгуулна.

Шатарчид сонирхогчдын дэлхийн аваргад оролцоно  

Сингапурт шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэх гэж байна. Маргааш эхлэх уг тэмцээнд манай улсаас 15 шатарчин өрсөлдөхөөр эх орноосоо мордлоо. Эрэгтэйчүүдийн ангилалд ФИДЕ мастер Э.Баасансүрэн, спортын мастер Б.Нямдаваа, дэд мастер А.Баярсайхан, Ш.Батбилэг, Х.Баярхүү, Б.Ариунболд, Ү.Агьбилэг, Г.Мөнхбаяр, Ц.Бат-Эрдэнэ, Б.Ирмүүнтулга, Б.Батсүлд, эмэгтэйчүүдээс спортын мастер Ө.Нямтуяа, дэд мастер Ү.Үүрийнтуяа, Б.Ганчимэг гэсэн бүрэлдэхүүнтэйгээр их мастер Д.Шаравдорж, ФИДЕ мастер У.Насанжаргал нарын удирдлагад оролцох юм. Тэмцээн долоо хоног үргэлжилнэ.

Шатарчид рапидаар өрсөлдөнө

Өнгөрсөн амралтын өдрүүдэд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны нэрэмжит шатрын тэмцээнийг зохион байгуулсан билээ. Энэхүү тэмцээнд их мастер Антон Шомоев тэргүүтэй 10 орчим шатарчин оролцсон юм. Тэмцээний аваргаар эрэгтэйчүүдээс их мастер Б.Хатанбаатар, эмэгтэйчүүдээс ФИДЕ мастер У.Лхамсүрэн нар тодорч байсан. Тэгвэл маргааш Монгол Улсын шатрын 29 дэх аварга, олон улсын мастер Нямаагийн Төмөрхуяг агсны нэрэмжит рапид тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Уг тэмцээнийг монгол туургатны “Урамтай шатар”-ын холбооноос санаачлан зохион байгуулж байгаа юм.  

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж