Монголын туялзуур сэлэмний эмэгтэй тамирчид болон улсын аваргын мөнгөн медальт Э.Дөлгөөн нар Хятадын Шүжоу хотод хамтарсан бэлтгэлд оролцож байна. Эмэгтэйчүүдийн багийн бүрэлдэхүүнд улсын хошой аварга Б.Гэрэлмаа, дэд аварга Б.Цолмон, хүрэл медаль М.Жаргалмаа, П.Урангоо, мөн А.Халиунаа, О.Анударь, С.Энхжин нар багтжээ. Сэлэмчин бүсгүйчүүд өчигдрөөс бэлтгэлээ хийж эхэлсэн бөгөөд олимпийн аварга Хятадын шигшээ болон Италийн багтай долоо хоногийн хамтарсан бэлтгэл хийж байна. Тэдний бэлтгэлийг хүнд сэлэмний дэлхийн шилдэг багш Маэстро Даниель Левавесур удирдаж байгаа юм. Энэ удаагийн хамтарсан бэлтгэлд оролцох зардлыг “Сүү” хувьцаат компанийнхан ивээн тэтгэжээ. Манай тамирчид энэхүү хамтарсан бэлтгэлийн дараа олон улсын туялзуур сэлэмний холбооны гранпри тэмцээнд оролцох ажээ.
С.ЦЭЛМЭГ