2 сая тонн цемент ба 3 дахь “мега” төсөл

Хуучирсан мэдээ: 2014.04.24-нд нийтлэгдсэн

2 сая тонн цемент ба 3 дахь “мега” төсөл

Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнгөрөгч өдрүүдэд Төв аймаг, Говьсүмбэр аймаг, Дорноговь аймгуудын чиглэлд бүтээн байгуулалтын ажилтай өнгөрөгч өдрүүдэд очиж танилцсан юм. Ингээд айлчлалын хүрээнд ямар үйлдвэрүүдтэй танилцсаныг хүргэж байна.

1мкв байрны үнийг 700 мянгад хүргэх боломжтой

Эхэнд Улаанбаатар хотоос 40 км-ийн зайд байрлах Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Хийт бетоны үйлдвэр дээр очицгоосон юм. Хийт бетон гэдгийг хамгийн энгийнээр тайлбарлавал талх шиг исэлт хийж хөөлгөж хамгийн хөнгөн байж болох хэмжээнд хүргэсэн барилгын өрлөгийн материалыг хэлж буй юм. “МАК" ХХК-ийн барьж буй энэ үйлдвэр бараг л бэлэн болж буй бөгөөд энэ оны гуравдугаар улирал гэхэд ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ. Үйлдвэрт зориулсан хөрөнгө оруулалтынхаа 79,9 хувь буюу 58,4 тэрбум төгрөгийг хийсэн бөгөөд гааль, НӨАТ-д 5,76 тэрбум төгрөгийг ч зарцуулаад байгаа аж.

Орон сууцжуулах, барилгажих хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд барилгын материалын үйлдвэрлэлүүд хөл дээрээ бат зогсож байж л бодит үр дүнд хүрэх нь тодорхой. Барилгын материалаа гадаадаас авдаг манай улсын хувьд импортыг орлох хямд, чанартай материал үйлдвэрлэх нь чухал тул засгийн газрынхны энэ удаагийн анхаарал хандуулахыг хүссэн үйлдвэрлэгчид нь барилгын үндсэн түүхий эд, материалыг үйлдвэрлэгчид байлаа. 

Уг үйлдвэр ашиглалтанд орсноор иргэд “тоосго, блок” авдаг сонголтондоо шинээр “хийт бетон” авдаг сонголтыг нэмэх боломжтой болох нь тодорхой аж. Тодорхой гэхийн учир нь уг хийт бетон нь үнийн хувьд тоосгоор барилга барьснаас хямд өртөгтэй болох бөгөөд уг компаниудын инженерүүдийн тооцооллоор нэг метр квадрат байрны үнэ сая гаруй төгрөгнөөс 700 мянган төгрөг рүү буух боломжийг бий болгох гэнэ. Тус компанийнхан жишээ болгож өөрсдийн хийт бетоныг монголдоо хийт бетон үйлдвэрлэж буй гурван ч томоохон үйлдвэрийн бүтээгдэхүүнтэй харьцуулсан бөгөөд даралт даах чадварын хувьд илүү хэрнээ хоёр дахин хөнгөн байгаа нь илт мэдэгдэж байв.

Ямартаа ч тоосгоны жингээс 3,6 дахин хөнгөн, дулаан хадгалалтын хувьд бетоноос 10 дахин, тоосгоноос 6 дахин илүү чанартай, барилгын даацыг тоосгон барилгатай харьцуулбал 70 хувиар багасгах аж. Инженерүүдийн хэлснээр барилгын даац буурах нь суурийн цутгалтанд шаардагдагдах материалын хэмжээг буруулдаг гэх бөгөөд энэ нь ч мөн их хэмжээний хэмнэлтийг гаргадаг аж.

Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн хувьд ХБНГУ-ын “HESS” группийнх бөгөөд байгаль орчинд ээлтэй, хаягдал гаргахгүй, үйлдвэрээс гарах хаягдлыг эргүүлэн ашиглах технологитой нь, 150 гаруй ажлын байр бий болгож, жил бүр улсын төсөвт 7,5 тэрбумыг төвлөрүүлж байх тооцоолол зэрэг нь Засгийн газрын төлөөлөгчдийн зүгээс магтаалын үг сонсгож байсан бөгөөд тус үйлдвэрийн шинэ технологийн бетоныг ялангуяа амины орон сууц барих төслүүдэд ашиглавал үр дүнтэйг Засгийн газрын тэргүүн онцлоод, энэ чиглэлийн төсөл хөтөлбөрүүдэд хамруулах талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм.

Бага хугацаанд ашиглалтанд оруулахыг нь дэмжинэ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарын орон нутгууд дахь барилгын материалын түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэртэй танилцах хөтөлбөрийн хүрээнд зочилсон хоёр дахь газар бол “Гермес гахиур” ХХК-ийн цементийн үйлдвэр байв. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Билүүтийн-2 шохойн чулууны орд газрыг түшиглэн “Гермес гахиур” ХХК-ийн барьж байгаа энэ үйлдвэр хүчин чадлын хувьд харьцангуй бага, жилдээ 240 мянган тонн цемент үйлдвэрлэх хэдий ч орон нутгийн барилга, бүтээн байгуулалтын ажилд ойрын ханган нийлүүлэгч болж чадах ач холбогдолтой үйлдвэр аж.

Уг ажилд “Тээлийн Шонхор” ХХК 75 хувь, “Интергрупп Интернэйшнл” ХХК 25 хувийн хөрөнгө оруулалт хийж 2011 оноос эхлээд үйлдвэрийн шаардлагатай дэд бүтцийг барьж дуусгаж буй аж. Харин 2015 оны наймдугаар сар гэхэд үйлдвэрийг бүрнээр нь ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Үйлдвэрээс Шохойн чулууны орд хүртэл 9,8 км, үйлдвэрээс мянганы зам хүртэл 1,9 км хайрган хучилттай зам тавьсан бөгөөд 1,4 км салбар төмөр замыг ч тавьж. Үйлдвэрлэлийн эргэлтийг нь танилцуулбал, Шохойн чулууны ордоос олборлолт явуулж түүхий эдийн агуулахад хүргэх. Тэндээс түүхий эдийн тээрэмд оруулж, эргэх зуухаар дамжин, цементийн тээрэмд оруулж, эндээс агуулахад оруулсан бүтээгдэхүүнийг ачилтанд гаргадаг аж. Хувийн хэвшлийнхний барьж байгуулж байгаа ач холбогдолтой энэ мэт үйлдвэрүүдийг богино хугацаанд ашиглалтад оруулахын тулд Засгийн газар бүх талаар дэмжинэ гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ үеэр онцолсон байна.

Жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэнэ

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн орон нутаг дахь бүтээн байгуулалтын ажилтай танилцах ажлын гурав дахь очсон газар бол Хөх цавын Цементийн үйлдвэрийн төсөл байв. Монголчууд жилд 1,8 сая тонн цемент хэрэглэж байгаагийнхаа гуравны хоёрыг гадаадаас импортлодог бөгөөд энэ тоон үзүүлэлтийг өөрчлөх боломж Хөх цавын Цементийн үйлдвэрт байна.

“Монголын алт” ХХК нь Хөх цавын шохойн чулууны ордыг түшиглэн жил 1 сая тонн цемент үйлдвэрлэх, цаашлаад 2 сая тонн болгон өргөтгөх боломж бүхий цементийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг суурилуулжээ. Энэ тоног төхөөрөмж нь Дани улсын “FLSimdth” компанийнх бөгөөд хэд хэдэн төрлийн цемент үйлдвэрлэх, өндөр чанартай тусгай зориулалтын цементийг нийлүүлэхээс гадна өөрийн чанарыг евростандартын хэмжээнд хүргэх боломж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар төслийн барилгын ажил 70 орчим хувьтай, тоног төхөөрөмжүүд үйлдвэрлэгдээд дууссан, татан авалт 93 хувьд хүржээ. Үйлдвэрлэл ашиглалтад орсноор жилд 1 сая тоннын цементийг гаднаас худалдан авалгүй эх орондоо үйлдвэрлэх боломжтой болохоос гадна жилдээ улсын төсөвт 50 тэрбум төгрөгийн орлого оруулж, 350 гаруй ажлын байр шинээр бий болгох гэнэ.

Үйлдвэрийг  энд байгуулах болсон нь түүхий эд нь энэ бүст байдагтай холбоотой бөгөөд цементийн үйлдвэрийн үндсэн түүхий эд болох шохойн чулуу, шавар, нүүрс, төмөрийн хүдэр зэргийг 30 км дотроос л татах юм. Ингэснээр үйлдвэрийн бүтээгдэхүүний зардал нь үнэ нь буурах энэ хэрээр өнөө олны шүүмжийн бай болдог нэг метр квадрат орон сууцыг барих өртгийг бууруулах, валютын ханшны савлагаанаас болж цементийн үнэ нэмэгдэхээ болих, гадагш урсах валютын урсгалыг хаах зэрэг боломжууд бүрдэх юм.

Тус компанийн хувьд төр засгаас хуулийн хүрээнд үзүүлж болох дэмжлэгийг хүсч буйгаа хэлээд өнөөдрийн байдлаар зөвхөн цементийн үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэхэд 87 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай байгаагаа дуулгаж үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг хүссэн бөгөөд энэ хөрөнгө оруулалтыг засгийн газрын бондоос дэмжвэл Хөх цавын цементийн үйлдвэрийг 2014 ондоо багтааж ашиглалтанд оруулах боломжтой байна гэдгээ дуулгасан байна.

Түүнчлэн Цементийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг НӨАТ, Гаалийн татвараас чөлөөлөх боломж буй эсэхийг тодруулж, гаалийн хяналтын талбайд буулгаад агуулахад халгалж буй тоног төхөөрөмжүүдийн гааль, НӨАТ-ыг засгаас чөлөөлөөд өгчихвөл хөрөнгө оруулалт санхүүжилтын хувьд үйлдвэрлэлийг дэмжих томоохон дэмжлэг болно гэв.

"Хөх цавын цементийн үйлдвэр"-тэй танилцах томилолтын бүрэлдэхүүнд багтсан сайд нар Засгийн газраас дэмжих, шийдвэрлэх ажлуудыг хэлэлцсэн бөгөөд энэ талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Засгийн газрын хувьд мөнгө олж ирэх нь асуудал биш. Харин яаж зарцуулах вэ гэдэг нь чухал. Тодорхой хэмжээнд хөрөнгө оруулалтаа хийчихсэн, бүтээж босгочихоод бага зэрэг тусламж, дэмжлэг шаардсан үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихгүй байх шалтгаан байхгүй. Бид барилгажилт, орон сууцжуулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд барилгын материалын үйлдвэрлэлд анхаарахгүй байхын аргагүй. Барилгын материалын үнэ өндөр, цементний хувьд хараат байвал дээрх хөтөлбөрүүд амжилттай хэрэгжихгүй. Ямартаа ч 2015 онд цементнийхээ дотоодын хэрэгцээг хангах, 2016 онд гадагш экспортлох хэмжээнд хүрэх боломжууд нь бидэнд байна. Зүүн бүсийн хувьд орд газрууд дээрээ түшиглэсэн боломжууд нь байна. Харин баруун бүст дахин цементийн үйлдвэрлэл явуулах шаардлага байгаа. Бетон зам барих шаардлага ч бидэнд байгаа. Хэрэв бетон зам барих боломж бүрдвэл Налайхын зам шиг олон жилийн настай замыг хурдан хугацаанд хийх болно шүү дээ” гэсэн байна.

Гурав дахь “мега” төсөл

Энэхүү орон нутгийн томилолтын хамгийн бэрх замыг туулж очсон газар буюу Улаанбаатар хотоос 560 км-т байрлах Цагаан суваргын зэс, молибдений баяжуулах үйлдвэр байв. Монголд Эрдэнэт, Оюутолгой үйлдвэрийн дараа орох гурав дахь “мега” үйлдвэр гэж хэлж болох бөгөөд Дорноговь аймгийн Мандах суманд босч буй уг төсөлд 1950-аад оноос эхлэн улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн Цагаан суваргын орд Монгол Улсын Стратегийн ордын нэг бөгөөд лицензийг нь одоо "Монголын алт" корпораци эзэмшиж байгаа бөгөөд улсад хайгуулийнх нь зардлыг төлсөн гэнэ.

240 сая тонн хүдэр, 1,8 сая тонн зэсийн нөөцтэй энэ орд Оюутолгойгоос 27,8 дахин, Эрдэнэтээс 7 дахин жижиг, ил уурхайн ашиглалтын хугацаа 18 жил гэж тогтоожээ. Орд жилд 16,9 сая тонн хүдэр боловсруулж, 300 мянган тонн катодын зэс, 5000 тонн молибдени үйлдвэрлэнэ. Энэ нь “Эрдэнэт” үйлдвэрийн 60 гаруй хувьтай тэнцэхүйц хэмжээний үйлдвэрлэл юм.

Цагаан суваргын зэс молибдений баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа бөгөөд 2016 оны сүүлч гэхэд үйлдвэрийг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Төслийн нийт ажлын явц 45 хувьтай, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 80 хувьтай байна. Эрчим хүчний хангамжийг дотоодоос буюу Тавантолгой, Оюутолгойн чиглэлийн эрчим хүчний шугамаас авна. Шугамын ажил 30 хувийн гүйцэтгэлтэй байна. Усны хайгуулын ажлыг хийж дууссан. Олон улсын банк санхүүгийн байгууллагаас санхүүжилт босгож, одоогийн байдлаар 1,3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна. Үйлдвэрт 1200 гаруй хүн ажиллаж, улс болон орон нутгийн төсөвт жилд 180 шахам тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжтой гэж "Монголын алт” корпорацийн удирдлагууд танилцууллаа.

Стратегийн орд учраас төрийн оролцоо зайлшгүй. Энэ оролцоог тодорхой болгох, татварын бодлогоор дэмжих, холбогдох бусад асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэж өгөхийг МАК-ийн зүгээс хүсч байгаа юм.

Тодруулбал тухайн ордод төр оролцохдоо тодорхой хэмжээний татвараас чөлөөлөх, тэрхүү чөлөөлсөн мөнгөн дүнгээрээ хувь эзэмших оролцоо эзэмших хувилбар буй аж.

Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд төр энэ төсөлд ямар байдлаар оролцох нь гэдгийг ажиглаж буй бөгөөд Оюутолгой зэрэг төр оролцсон төслийн ажил зогсонги байдалтай байгаа зэрэг нь хөрөнгө оруулагчдыг ийн харзнахад хүргэж буй бололтой.

Харин засгийн газрын зүгээс төрийн эзэмшлийг улсын төсөвт ямар нэг ачаалал үүсгэхгүйгээр шийдэхээр ажиллана гэдгийг Эдийн засгийн хөгжлийн болон Уул уурхайн сайд нар онцолсон байна. Н.Алтанхуяг ч мөн бүтээн байгуулалтын ажилд төрийн оролцоо хэрхэн байх тухай засгийн газрын хуралдаанд яаралтай оруулахаа дуулгаж “Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалын 60 орчим хувьтай тэнцэхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадалтай уг үйлдвэр байгуулагдсанаар 1100 орчим ажлын байр бий болох томоохон бүтээн байгуулалт болно” гэдгийг нь онцолсон байна.

Дахин нэг сая тонн цемент

Манай улсад жил ирэх тусам цементийн хэрэглээ өсч, одоогийн байдлаар жилд хоёр сая гаруй тонн цемент хэрэглэж байна. Үүний гуравны хоёр хувийг гадаадаас импортоор авдаг. Дотоодын хоёр томоохон үйлдвэр ажиллаж байгаа нь 1990 оноос өмнө ашиглалтад орсон, хуучин буюу нойтон технологитой. Өнөөдөр дэлхийн ихэнх улс хуурай аргын технологиор цемент үйлдвэрлэж байна. Хуурай арга нь нойтон аргаас 4-5 дахин бага ус ашигладаг, хоёр дахин бага түлш зарцуулдаг, эрчим хүчний хэрэглээг 30 хувь хэмнэдэг, тоосжилт багатай, хаягдлаа дахин ашиглах боломжтой эко технологи юм. Иймд өнөөгийн стандарт шаардлагад нийцсэн технологитой цементийн үйлдвэрлэлийг дэмжихээ Шинэчлэлийн Засгийн газар зарласан. Энэ бодлогынхоо хүрээнд эхний ээлжинд дэмжлэг үзүүлэх боломжтой цементийн  үйлдвэрүүдийн нэг нь 170 жил ашиглах шохойн чулууны нөөцтэй Сэнж худаг ордыг түшиглэн барьж буй “Монцемент” цементийн үйлдвэр байв.

Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт байрлах энэ үйлдвэрийг “Монполимет” группын охин компани "Сэнж-Сант" барьж байгаа аж. Шинэ үйлдвэр орчин үеийн дэвшилтэт хуурай аргын технологиор жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэнэ. Ойрын жилүүдэд дотоодынхоо хэрэгцээг хангаад цаашид бүтээгдэхүүнээ экспортлохоор тооцоолж буй аж.

Үйлдвэрийн ус, цахилгаан, зам зэрэг дэд бүтцийг шийдсэн. Барилгын ажлаа энэ сард багтаагаад эхэлнэ. Хөрөнгө санхүүжилт болон бусад асуудалд Засгийн газраас дэмжлэг үзүүлбэл ирэх онд ашиглалтад орж, эхний бүтээгдэхүүнээ гаргах боломжтой. Зардлаа 4-5 жилийн дотор нөхнө гэж үйлдвэрийн удирдлагууд танилцууллаа. Үйлдвэрийн төсөлд салбартаа тэргүүлэгч Франц улсын Lafarge компани хамтран ажиллаж байгаа юм байна.
 
Тус үйлдвэр Хөгжлийн банкнаас дэмжлэг үзүүлэх төслийн тоонд багтжээ. Иймд үйлдвэрийн ажлыг саадгүй явуулж, төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахад анхаарч ажиллахыг Ерөнхий сайд Хөгжлийн банк болон холбогдох яамдад даалгаж, хэрхэн Засгийн газраас эдгээр үйлдвэрүүдэд дэмжлэг үзүүлэх, ажлын явцыг илүү түргэвчлэх талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж