УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ, Төсвийн тухай хуулиа дагаж мөрдөхийг эрх баригчдад удаа дараа сануулж анхааруулж ирсэн ч олонхиороо түрий барьж хууль зөрчих явдал дэндсэн. Үүний нэг жишээ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчсөн явдал юм. Засгийн эрх барина гэдэг толгойд нь юу орсноо хийх бус, бодлоготой байж хуулиа мөрдөж ажиллах учиртайг сөрөг хүчний зүгээс байнга шаардаж ажиллаж байгаа. МАН 27 дугаар Их хурлаараа Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулж, улмаар УИХ-аар хэлэлцүүлсэн. Дотроо хэт их улстөржиж хуваагдах нь улсын хөгжилд ямар их сөрөг үр дагавартайг эрх баригчид ойлгож эхэлсэн нь сөрөг хүчнээс оруулсан дээрх хөгжлийн цогц бодлогыг хүлээн зөвшөөрч дэмжсэн явдал” гэж онцлов.
Хөгжлийн асуудлаарх МАН-ын бүлгийн байр суурьтай санал нэг байгаагаа ОУВС-гийн төлөөлөгчид тэмдэглээд, Монгол Улсын хөгжлийн бодлогыг дэмжиж, хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Түүнчлэн уулзалтын үеэр МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол хэлэхдээ "МАН эдийн засгийн бодлогыг улстөржүүлж болохгүй гэж үздэг. Үнэхээр эрх баригчид өрийн босгоо нэмэгдүүлье гэж байгаа бол үр дүн нь яаж гарах юм, ямар төсөл хөтөлбөрт зарцуулах гээд байгаагаа маш тодорхой болгох хэрэгтэй" гэв.