Монгол Улсад нийтийн тээврийн салбар үүсч, хөгжөөд 60 жилийн хугацааг ардаа үдсэн байна. Гэвч хууль эрхзүйн орчин, үйлчилгээний бус бизнесийн төлөөх өрсөлдөөний улмаас нийтийн тээврийн салбарын хөгжил хоцрогджээ.
Тиймээс өчигдөр болсон чуулганаар нийтийн тээврийн өнөөгийн байдал, ирээдүйд хэрхэн хөгжих боломжтой талаар ярилцсан юм. Өдгөө нийтийн тээврийн салбарынхан орлогын төлөөх дайныг Улаанбаатар хотын замд өрнүүлж байгаа гэдгийг том оврын автобусаар үйлчилгээ эрхлэгч байгууллагууд хүлээн зөвшөөрч байна. Ингэж орлогын төлөө хэт өрсөлдөөнөөс үүдэн зам тээврийн осол гаргах нь нэмэгдэж, хүний амь нас эрүүл мэндэд аюул учруулах болсон байна. Нийтийн тээврийн осол аваарь, зам тээврийн зөрчил сүүлийн жилүүдэд өссөн байна. Судалгаагаар 2012, 2013 онд нийтийн тээврийн үйлчилгээний жолоочийн буруутай осол, зөрчлийн тоо 2009 оныхтой харьцуулахад 3-4 дахин нэмэгдсэн харагдаж байна. Мөн нийтийн тээврийн осол зөрчил 2009 онтой харьцуулахад 2-3 дахин нэмэгджээ. Энэ нь нийслэл дэх автомашины тоо өссөнтэй холбоотой байж болно. Гэхдээ нийтийн тээврийн үйлчилгээ байгууллагын осол аваарь, зөрчлийн тоо нэмэгдсэн нь энэ салбарын хамгийн аюултай, тулгамдсан асуудлуудын нэг болжээ.
Тэгвэл нийтийн тээврийн салбар цаашид хэрхэн хөгжих вэ? Нийтийн тээврийн салбарынхан нэгдэн зохион байгуулсан өчигдрийн анхдугаар чуулга уулзалтын үеэр энэхүү асуултад хариулахыг зорьж байлаа. Нийтийн тээврийг хөгжүүлэхийн тулд дараах тулгамдсан асуудлуудыг нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой гэдэг дээр чуулганд оролцогчид санал нэгдлээ.
Нийтийн тээврийн салбарт хамгийн чухал нь хууль эрхзүйн орчин байдаг гэнэ. Гадаадын улс орнуудын нийтийн тээврээ хөгжүүлсэн гол зүйл бол хуулийн орчин юм. Гэтэл манай улсын энэ салбарын эрхзүйн орчин нь тодорхойгүй,бүрхэг байна. Нийтийн тээврийг иргэдэд үйлчилдэг бус харин улстөр, бизнесийн эрх ашиг, нэр төр олохын төлөө ашиглаж байгаа нь хөгжлийг чөдөрлөх хамгийн том шалтгаан болжээ. Нийтийн тээвэр бол ашиг хонжооны хэрэгсэл биш. Харин эсрэгээрээ улс орон, нийслэл хотын өрсөлдөх чадвар, эдийн засгийг чадавхжуулах нэг тулгуур үндэс гэж үзэх ёстой. Тиймээс ч онцгой ач холбогдол өгч алсын хараа, нэгдсэн бодлого чиглэлтэй хөгжүүлэхээр хуульчлах хэрэгтэйг чуулганд оролцогчид онцоллоо.
Төр иргэддээ нийтийн тээврээр үйлчлэх үүрэгтэй байдаг. Тиймээс үеийн үед нийтийн тээврийн үнэ хөлсийг өсгөхгүй гэсэндээ хатуу барьж иржээ. Энэ нь автобусны компаниудад санхүүгийн дарамт үзүүлэх болсон гэнэ.
2001 оноос хойш үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэд, албан хаагчдын нөхөн олговрыг олгож эхлэх шийдвэр гарсан. Ингэснээр үйлчилгээ эрхлэгч автобусны компаниудын санхүүгийн боломжийг дээшлүүлж, үйлчилгээ үзүүлэх үеийнхээ шатахуун болон цалингийн зардлыг тодорхой хэмжээнд шийдээд явах нааштай нөхцөл боломжийг бий болгосон. Гэвч нийтийн тээврийн үйлчилгээний үнэ тарифийг төрөөс хатуу барьж, үнэ төлбөргүй зорчих эрхтэй үхүмүүсийн нөхөн олговрыг удаан хугацаанд олгодоггүй байснаас автобусны компаниудад санхүүгийн хувьд сөрөг үр дагавар үзүүлж ирснийг чуулганд оролцогчид хэллээ.
Чиглэл маршрут зөв, зохисгүй байгаагаас үүдэн автобус компаниудын хооронд орлогын төлөөх өрсөлдөөн үүссэн. Энэ мэт орлогын төлөөх өрсөлдөөн нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг алдагдуулж, аваар ослын үндсэн шалтгаан болжээ. Нийтийн тээврийн салбар өндөр хөгжсөн орнуудад орлогын төлөөх өрсөлдөөнийг хориглосон хуулиар шийдвэрлэж өгсөн байдаг гэнэ. Маршрутын давхцалаас үүдсэн төв замын түгжрэл, агаарын бохирдол, авто хөдөлгөөний осол гэмтэл, стресс, хөдөлмөрийн бүтээмжийн бууралтыг манай улс өнөөг хүртэл шийдэж чадаагүй байдаг.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод үйлчилгээний 137 гаруй чиглэлд нийтийн тээврийн 66 аж ахуйн нэгж байгууллага 2543 том, дунд, бага багтаамжийн автобус, цахилгаан тээврийн хэрэгслээр нийслэлийн иргэдэд, зорчигч тээврийн үйлчилгээг үзүүлж байна. Чиглэлийн нийт урт нь 4557 км ажээ.
Автобусны үйлчилгээний чиглэлийн төлөвлөлт нь хүн амын шигүү суурьшлын бүс болох захын хорооллоос хотын төв руу чиглэсэн байхаар дахин хийх хэрэгтэй гэнэ.
Шинэ сүлжээ төлөвлөлтийн төслийг хийхдээ өнөөгийн Улаанбаатар хотын хот төлөвлөлт, автозам болон дэд бүтцийн сүлжээний байдал, хүн амын суурьшил хөдөлгөөний урсгал зэрэгт нийцүүлэх ёстой. Ингэснээр шүүмжлэл дагуулсан замналын давхцлыг бууруулах, захын хорооллуудад үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх, ачааллын жигдрүүлэх чухал холбогдолтой гэдэг дээр нийтийн тээврийн салбарынхан санал нэгдлээ.
Өнөөгийн нийтийн тээвэр дэх хэт өрсөлдөөн, орлого хөөцөлдөх тогтолцоог халах ёстой. Үүний тулд хамгийн түрүүнд орчин үеийн дэвшилтэт ухаалаг тээврийн системийн аргачлал болон цахим төлбөрөөр орлого цуглуулах бүрэн автомат системийг автобусны байршил тогтоох GPS-тэй холбон ашиглана. Тасалбарын үнэ цахим хэлбэрээр нэгдсэн нэг дансанд хуримтлагдана. Төлбөрийн мөнгийг тухайн үйлчилгээ үзүүлэгч компаниудад хуваарилна. Мөнгийг хуваарилахдаа мөн л ухаалаг, цахим системийг ашиглах боломжтой. Үүнийгээ Автобусны удирдлагын систем (BMS) ашиглан, үйлчилгээ үзүүлж буй автобусыг бүрэн хянаж байх ёстой. Автобусны ухаалаг зогсоол бүр дээр суурилуулсан мэдээллийн самбар нь мэдээлэл солилцох цахим төхөөрөмжөөр автобусны байрлал, маршрут зөрчил, хурдны талаарх мэдээлэл өгдөг болгоно.
Компаниуд сайн, муу үйлчилгээ үзүүлснээс хамааран нэгдсэн сангаас үйлчилгээний хөлсөө авах боломжтой. Тухайн автобусны компани иргэдэд муу үйлчилсэн бол бага, сайн бол их цалин хөлс, мөнгө авна. Ингэснээр автобусны компаниуд үйлчилгээгээ сайжруулах болно гэдгийг Нийтийн зорчигч тээврийн хөгжлийн консерциум чуулганд оролцогч компаниудын удирдлагуудад санал болголоо.
Ийнхүү нийтийн тээвэр хөгжих гарцаа тодорхойлохоор чуулганаа зохион байгууллаа. Чуулганыг хөгжил рүүгээ нэг алхам ойртсон үйл явдал боллоо гэж том оврын автобусаар үйлчилгээ эрхэлдэг компаниудын төлөөлөгчид дүгнэлээ.