“Тамирчдын баяр”-ын мэнд хүргэе!

Хуучирсан мэдээ: 2010.06.24-нд нийтлэгдсэн

“Тамирчдын баяр”-ын мэнд хүргэе!

Монголын Биеийн тамир, спортын салбарын үе үеийн удирдлага,  ажилтан албан хаагчид, тамирчид, багш, дасгалжуулагчид, ахмадууд, спортыг хөгжөөн дэмжигч, сонирхогчид Та бүхэнд Монголын тамирчдын баярын чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Өнгөрсөн онд тэмдэглэн өнгөрүүлсэн Тамирчдын баяраас хойшхи хугацаанд манай салбараас олон арван ажил зохион байгуулж үр дүнтэй ажилласнаа энэхүү баярын өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.

А. Биеийн тамир, спортын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн
Б. “Төрийн болон төрийн бус байгууллагын харилцаа хамтын ажиллагааг эрчимжүүлье” сэдэвт анхдугаар зөвөлгөөн
В. Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал
Г. Монголын Шинжлэх ухааны академи, Биеийн тамир, спортын газарын хамтын ажиллагаа сэдэвт Монголын эрдэмтдийн уулзалт-хэлэлцүүлэг зэрэг нь Биеийн тамир, спортын цаашдын хөгжилд чухал алхам боллоо.

Нийтийн биеийн тамир, спортын талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол улсын Засгийн газрын 2009 оны 05 дугаар тогтоол гарсан нь иргэдийн амьдрах хэв маяг улам бүр эрүүл саруул болох, Монгол хүний дундаж наслалтыг уртасгахад чухал хувь нэмэр болж байна. 2009 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Их хурлаас “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” 95 дугаар тогтоол гарсан нь биеийн тамир, спортын талаар баримтлах хууль эрх зүйн баримт болсон юм. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэх талаар ойрын үед Монгол улсын Засгийн газраас Биеийн тамир, спортын “Цогц хөтөлбөр”-ийг гаргахаар ажлын хэсэг гаран ажиллаж байна.
Саяхан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 7-64 насны бүх иргэдээс “Бие бялдрын хөгжлийн сорил” авах зарлиг гарч орон даяар Ерөнхийлөгчийн зарлигийг баяртайгаар хүлээн авч 7-64 насны нийт 2.244.288 иргэдээс “Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-д 689743 хүн буюу тухайн насны хүн амын 30.7 хувь нь сорилд хамрагдлаа.

Манай баг тамирчид дэлхий, тив, олон улсын томоохон тэмцээнээс алт 17, мөнгө 23, хүрэл 43 нийт 83 медаль, Шатрын олон улсын их мастер цолын болзолыг хангасан бахдам амжилтаар тамирчдын баяраа угтаж байна.

Засгийн газрын 211 дүгээр тогтоолоор Үндэсний спортын IV их наадмыг орон даяар 3 үе шаттайгаар спортын 9 төрлөөр нийт 160 багц медалийн төлөө өрсөлдөж их наадмын аваргууд тодорч тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Булган аймгийн Хялганат сумын нутагт байрлах “Эрдэнэт-Олимп” бэлтгэлийн баазын өмч хөрөнгийг Биеийн тамир, спортын газарт  эзэмшүүлэх тухай шийдвэр гарч, цаашид Монгол Улсын Үндэсний шигшээ багийн болон өндөр зэрэглэлийн тамирчдын бэлтгэл сургуулилтыг хангах “Бэлтгэл сургалтын төв”-тэй боллоо.

Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотноо тив, дэлхийн зэрэглэлийн спортын уралдаан тэмцээн, нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулах “Цэнгэлдэх хүрээлэн” цогцолбор байгуулах тухай чиглэл өгөгдөж, энэхүү цогцолборын зураг, төслийг боловсруулаад ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд оруулахаар шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.
Биеийн тамир, спортын газар нь сүүлийн жилүүдэд гадаадын ижил төстэй спортын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж бэхжүүлэхийн зэрэгцээ 10 гаруй гадаадын байгууллагуудтай хамтын ажиллагаатай байна.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар Биеийн тамир, спортын салбарын /аймаг, нийслэл, дүүрэг, спортын холбоодын е.н/б-ийн дарга/ 30 гаруй удирдах ажилтануудыг гадаадад Биеийн тамир, спортын удидлага, менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад амжилттай хамрагдан мөн олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл тавин оролцлоо. Монголын тамирчид Олимп, дэлхийн хэмжээнд спортын амжилтаараа өрсөлдөх ур чадвартай боллоо. Цаашид Монголын ард түмнийг урт наслалтаараа дэлхийд өрсөлдөх зорилт тавин ажиллаж байна. Эрүүл чийрэг, эрч хүч, цог жавхаа, амжилт ялалтын хөтөч манлай Монгол орны нийт тамирчиддаа халуун баяр хүргэж, гүн талархал илэрхийлье.

Тамирчдын алдар мөнхөд мандан бадарч байх болтугай.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж