Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийг жил бүр 250-300 мянган төгрөг татдаг гэв

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийг жил бүр 250-300 мянган төгрөг татдаг гэв

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооноос хамтран байгуулагдсан ажлын хэсгийнхэн өнөөдөр Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийг татан буулгах ёстой юу, эсвэл хэвээр нь ажилуулах уу. Сууц өмчлөгчдийн холбооны эзэмшил талбайд газар олгосон эсэх талаар холбогдох хүмүүсийг байлцуулан мэдээлэл сонслоо. Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийг төлөөлөн тус зөвлөлийн ерөнхийлөгч Г.Жигжид, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн н.Цамба, Хан-Уул дүүргийн иргэн н.Дармаа, н.Халтар нар оролцлоо. Мөн СӨХ-ны төлөөллөөс гадна нийслэлийн Газрын албаны дэд дарга нар байлцав.
Иргэн н.Дармаагийн хэлснээр Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл нь Сууц өмчлөгчдийн холбоо/СӨХ/-дыг хагаралдуулж, хооронд нь талцуулсан газар болж хувирч байгаа аж. Ажил хийхгүй хэрнээ гишүүн СӨХ-үүдээс жилдээ 250000-300000 төгрөг татвар нэрээр татдаг. Хураасан татвараараа тансаглаж, цалин нэрээр тарааж дуусгадаг тул Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийг татан буулгах ёстой гэв. Мөн иргэн н.Цамбын тайлбарласнаар Улаанбаатар хотын хэмжээнд 400 гаруй СӨХ байдаг аж. Жил бүр тэднээс Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийнхөн 250000-300000 төгрөг татаж, арав гаруй жилийн турш ажиллажээ. Гишүүнээр нь элсээгүй СӨХ-дод улсаас жил бүр олгодог байрны дээврийг засах хөрөнгөнөөс хуваарилахгүй гэж зуудаг. Тус зөвлөлд гишүүнээр элссэнгүй гээд тухайн СӨХ ажлаа алдаагүй, харин ч боломжийн ажиллаж байгаа тул тус зөвлөлийг татан буулгахад буруудах зүйлгүй гэлээ.
Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн ерөнхийлөгч Г.Жигжид “Бидний ажилд алдаа дутагдал байхыг үгүйсгэхгүй, биеэ өмөөрөх гэсэнгүй. 400 гаруй СӨХ-г дээр нь нэгтгэж, зангидаж байх төрийн бус байгууллага байх ёстой гэж үзэж энэхүү зөвлөлийг байгуулсан юм билээ. Би дурлаад энэ ажлыг хийгээд байгаа юм алга, нервтэй ажил. Өнгөрсөн жил сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн хурал болж, би ерөнхийлөгчийн албыг хашимгүй байна гэдгээ хэлсэн. Гэвч үргэлжлүүлэн сонгосон. Хэрвээ ажлын хэсгээс зөвлөлийн хурлыг зарлан хуралдуул гэвэл түүгээр нь болъё. Хамгийн гол нь энэ хүмүүсийн хэлснийг шалгуулах хэрэгтэй гэж бодож байна. Зөвлөлийн хувьд СӨХ-ноос жил тутамд 60000-120000 төгрөг л татдаг. Түүнээс энэ хөгшчүүлийн хэлээд байгаа шиг 300 мянган төгрөг татдаг юм биш, тансаглаж байна гэнэ. Тийм мөнгө нь ч хаанаа байгаа юм, угаасаа хүрэлцэж яддаг. Улсаас жилдээ орон сууцны дээврийг засахад зориулж тодорхой хөрөнгө төсөвлөж өгдөг. Өнгөрсөн жил 2.5 тэрбум төгрөг, энэ жил 2.6 тэрбум төгрөг суулгасан байгаа. Хаанаа ч хүрэлцдэггүй, лифтийн засварт бас тодорхой хэсгийг зарцуулах шаардлагатай болдог” гэлээ.
Энэ мэт бие биенийхээ яриаг үгүйсгэсэн тайлбарыг сонссоны дараа ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу дээрх асуудлаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтдаг бусад гишүүдтэй ярилцаж, Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах эсэх тухай шийдвэр гаргахаар болов. Харин жил бүр татдаг зөрүүтэй хэлсэн татварын тухайд шалгалт хийнэ гэсэн юм.
Харин СӨХ-ны эзэмшил газарт газар олгосон эсэх тухайд нийслэлийн Газрын албаны орлогч дарга мэдээлэл хийв. Нийтийн эзэмшлийн орон сууцны гадаах талбайн хааш хаашаа 30 метр газрыг СӨХ-ны харьяалалд байж, эзэмшинэ гэсний дагуу 2008 оны зургадугаар сараас хойш нийслэлийн Газрын албанаас нэг ч газар олгоогүй гэв. Мөн 2006 онд 88 СӨХ эзэмшил газраа баталгаажуулж авсан бол 2007 онд 28 СӨХ, 2008 онд 50 СӨХ, 2009 онд 80 орчим СӨХ эзэмшил газраа баталгаажуулж авчээ. Түүнчлэн СӨХ-ны эзэмшил газарт олгосон байсан 50 орчим иргэн, аж ахуйн нэгжийн газар олголтыг хүчингүй болгосон гэсэн мэдээллийг хийсэн юм. Гэвч ажлын хэсгийн ахлагч “Иргэдээс ирүүлсэн мэдээлэл, таны өгсөн мэдээлэл зөрүүтэй байгаа тул газар олголтын талаар газар дээр нь явж танилцах учраас, тэр үед илүү бодитой болно” гэснээр энэ удаагийн хуралдааныг өндөрлүүлэв.
Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж