Ж.Энхбаяр: УИХ-ын бүрэлдэхүүнд 4-5 хүн шинээр орж ирэх болов уу

Хуучирсан мэдээ: 2014.04.18-нд нийтлэгдсэн

Ж.Энхбаяр: УИХ-ын бүрэлдэхүүнд 4-5 хүн шинээр орж ирэх болов уу

enhbayarУИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах буюу УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний үүргийг давхар хашихгүй байх хуулийн төслийг хэлэлцэн, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн билээ.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан тус хуулийн төслийн хамгийн маргаантай нь хуулийн хэрэгжих хугацаа байсан юм. Өчигдөр чуулганаар санал хурааж 2014 оны долдугаар сарын 1-нээс эхлэн хуулийг хэрэгжүүлэхээр болсон. Ингээд Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас тодрууллаа.

-“Давхар дээл” тайлах хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Хууль энэ оноос хэрэгжихээр боллоо. Уг нь Ерөнхийлөгч 2016 оноос хэрэгжүүлнэ гэж хуулийн төсөлдөө тусгасан. Байнгын хороогоор хуулийн төслийг хэлэлцэх үед өөрчлөгдөх хувилбар бий юу?

-Нэгдүгээрт, үндсэн чиг үүргийн яамдад өөрчлөлт оруулах буюу Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах нэг хувилбар байна. Голлох яамдаа авч үлдэхийн тулд өөрчлөлт оруулж магадгүй. Хоёрт, Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэг дээр саналыг 2/3-оор босгох гэж оролдох боломж бий. Гэхдээ тийм боломж байхгүй. Яагаад гэвэл Монгол Ардын намын бүлгийн байр суурь нэгдмэл хатуу байгаа болохоор бололцоогүй. Ерөнхийлөгч өргөн барьсан хуулиа эцсийн хэлэлцүүлэг дээр татаж авах асуудал байна. Ийм гурван шийдэл байгаа. Гэхдээ Ерөнхийлөгч хуулийн төслөө татаж авлаа гэсэн нөхцөлд бусад гишүүдийн өргөн барьсан хуулиудыг хэлэлцээд явна.

-Үндсэн чиг үүргийн таван яамны сайд “давхар дээл”-тэй байж болно гэсэн үг үү?

-2016 оны 7 дугаар сарын 1-нээс биш 2014 оны долдугаар сарын 1-нээс энэ хууль үйлчилнэ. Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүнийг давхар хийх, чиг үүргийн яамдад өнөөдрийн байдлаар таван яам оролцох бололцоотой. Бусад 12 яам нь гаднаас сонгогдоно.

-Үлдсэн 12 яамны сайд нар гишүүнээрээ үлдэх үү, сайдаараа үлдэх үү гэдгээ сонгох боломжтой юу?

-Үүн дээр намууд сонголтоо хийнэ. Жагсаалтаар сонгогдсон гишүүн сайдын албан тушаал хашиж байгаа бол сайдаа сонгох уу, гишүүнээ сонгох уу гэсэн асуудал гарна. Тэгэхээр УИХ-ын бүтцэд нэлээд хөдөлгөөн орох байх. Зарим гишүүд хөдөлнө, зарим нь гарна, доороос нөхөж орно. УИХ-ын бүрэлдэхүүнд барагцаагаар 4-5 хүн шинээр орж ирэх болов уу гэж бодож байна.

-Ерөнхийлөгч энэ хуулийн төсөл дээр хориг тавибал яах вэ?

-Ерөнхийлөгчийн хориг тавигдаад хүлээж авах нь хүнд. Нэг бол төслөө татаж авахаас өөр арга байхгүй. Гэхдээ татаж авах нь арай биш юм. Яагаад гэвэл энэ бол нийгмийн захиалга. Ерөнхийлөгчийн өөрийнх нь өргөн барьсан төсөл шүү дээ. Нэгэнт улс төр болчихсон. Яагаад гэвэл өнөөдрийн Монголын нийгмийн эдийн засгийн хүндрэл бол Засгийн газар, УИХ хоёрын хоорондын харилцаатай холбоотой. УИХ Засгийн газартаа хяналт тавьж чадахаа больсон. УИХ буюу ард түмний төлөөлөл гүйцэтгэх засаглалаа хянахаа больсон. Төсвөөс гадуурх асар их мөнгөний зарцуулалтыг Засгийн газар бие дааж хийж эхэлж байгаа. Энэ нь өөрөө эдийн засгийн нөхцөл, байдлыг хүндрүүлж байгаа. Эдийн засгийн уналтыг бий болгож байгаа нь ил боллоо. Үүнийг яаралтай засахын тулд улс төрийн эрх мэдлийн хуваарилалт дээр яаралтай дүгнэлт хийгээд, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөөд урагшилвал урагшлах юм даа гэж бодож байна.

-Үндсэн чиг үүргийн таван яамны сайд “давхар дээл”-тэйгээ үлдвэл Үндсэн хууль зөрчих юм биш үү?

-Цэцийн маргаан үүснэ л дээ. Үүсэхээр байдал бий болчихсон. Р.Гончигдорж гишүүн арай өөр өнцгөөс нь тайлбарлаж байсан. Нэгэнт Үндсэн хууль дээр Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн хамт байж болно гэсэн болохоор зургаан гишүүн үлдэхэд асуудал байхгүй. Үндсэн хуулийн зөрчил үүсгэхгүйн тулд Ерөнхий сайд болон Үндсэн чиг үүргийн яам гэж оруулж засаж өгч байгаа юм. Тэгэхгүй бол бас туйлшраад Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл Үндсэн хуулийн зөрчилтэй болчихож байгаа юм.

-Үндсэн чиг үүрэг бүхий яамны тоог өсгөх боломж бий юу?

-Байхгүй байх. Богд хаант Засгийн үеийн анхны таван яам байдаг шүү дээ. Энэ удаад Байгаль орчин, ногоон хөгжлийн яамыг үндсэн чиг үүргийн яамд оруулсан. Үүн дээр зөрчил үүсч магадгүй.

-УИХ-ын чуулганаар гаргасан энэ шийдвэрийг “МАНАН”-гийн Засгийн  газар байгуулагдах нь гэж хардах хүмүүс байна?

-“МАНАН”-гийн Засгийн газар үүсэхгүй байх аа гэж найдаж байна.

Ж.ГАНЦЭЦЭГ

Эх сурвалж: http://www.medee.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж