Ойн сан бүхий газар нутгийг талбайгаар тооцож гаргахад ойн сангийн нийт талбай 18.5 сая.га буюу манай улсын нийт нутаг дэвсгэрийн 11.79 хувийн эзэлдэг байна. Гэвч сүүлийн хэдэн жилийн хугацаанд хууль бусаар мод бэлтгэх, худалдаалах үйл явдал ихсэж бидний хамгийн их хайрлаж хамгаалах, цөлжилтийг эсэргүүцэх гол түлхүүр болох ойн сан хөмрөг сүйдэж үгүйрэхэд ойртоод буй билээ. Жил бүрийн энэ үед бүр ч ихэсдэг.
Тиймээс энэ асуудлаар тодорхой ажлыг хийх нь Засгийн газрын томоохон үүргийн нэг болоод байна. Судалгаагаар хууль бус мод бэлтгэлийн хэмжээ сүүлийн 5 жилийн байдлаар 31.5 хувиар буурсан гэж дүгнэгдээд байгаа ч эрдэмтэн, судлаачид харин ч эсрэг саналтай байгаагаа илэрхийлж байна.
Жишээлбэл, хууль бус мод бэлтгэл буурч байгаатай санал нийлэхгүй гэдгээ доктор Н.Дашзэвэг мэдэгдэн хулгайн замын асуудлыг юун түрүүнд шийдэхийг сануулсан юм. Тэрбээр “Хяналтгүй олон замууд байгаа цагт модны хулгай багасаж байна гэж хэлж болохгүй. Өдөр, шөнөгүй явагдаж байгаа модны хулгайтай жилд нэгээс хоёр удаа шалгалт явуулж байгаа нь хангалтгүй байна” хэмээн шүүмжилсэн.
Түүнээс гадна хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх сан байгуулах шаардлага тулгараад буйг мэргэжилтнүүд онцолж байна. Ингэхдээ сангийн эх үүсвэрийг байгаль орчныг хамгаалах сангийн болон ойн нөөцийг ашигласны төлбөрийн тодорхой хувь, ойн тухай хууль зөрчсөнөөс үүдсэн орлого, торгууль, гадаад, дотоодын болон хувийн байгууллагын хандив, тусламж мэтээс бүрдүүлэх шаардлага зайлшгүй гарч байгаа аж.
Ингээд тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр энэ тухай “Ойн санг хамгаалах нөхөн сэргээх, улмаар хууль бус мод бэлтгэлтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай зөвхөн Байгаль орчны байнгын хороо дангаараа бус Хууль зүйн байнгын хороотой хамтарсан Засгийн газарт чиглэл өгсөн тогтоол гаргах нь зүйтэй юм. Ялангуяа бидний үндсэн гол үүрэг бол ойн санг хамгаалах, нөхөн сэргээх явдал юм. Харамсалтай нь энэ цаасан дээр буусан ажил ерөөсөө хэрэгждэггүй юм билээ. Нэг зүйлд гайхаад байна. Сая дурдсан ажлыг хийхийн тулд төрөөс өгсөн мөнгийг яам өөрөө зарцуулж, ажилд нь оролцох гээд байх юм. Төр хэтэрхий оролцохоор цаана байгаа орон нутгийн иргэдийг ажлын байртай болгох, мод тарих, түүнийг нь үнэлэх зэрэг чухал хүчин зүйл нь хаягдаад байна” гэсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Ойн санг хамгаалах зайлшгүй шаардлагатай. Төр нэгдсэн бодлоготой, төлөвлөгөөтэй ажиллах хэрэгтэй. Хэрхэн тэмцэх тал дээр мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэн, судлаачдыг татан оролцуулж, санхүү, боломж гээд бүхий л зүйлийг нь хангаж өгөх шаардлагатай байгаа юм” гэв.
Эх сурвалж: http://www.eagle.mn