Хуучирсан мэдээ: 2014.04.24-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр ёстой “од” болов. Түүний санаачилсан Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл ангийн нөхдөө муудалцаж, талцахад хүргээд амжлаа. Хэрэгжээд жил гаруй хугацаа өнгөрч байгаа Тамхины хяналтын тухай хууль 2012 оны сонгуулийн дүнд байгуулагдсан парламентын хамгийн сайн хууль гэдгийг энэ танхимд сууж байгаа гишүүд хэлэх дуртай. Амьдрал дээр ч хэрэгжиж, үйлчилгээний газруудын дотоод орчин тамхигүй болсон гээд олон давуу талууд бий. Гэхдээ энэ хууль төгс хууль болоогүй.

Хууль хэрэгжих явцад торгох субъект нь байхгүй, тамхи татах цэгийг зааж өгөөгүй, сургуулиас 500 метрийн зайд тамхи худалдаалахгүй зэрэг заалт нь олонтаа шүүмжлэл дагуулж байсан. Харин энэ шүүмжлэлийг О.Баасанхүү гишүүн овжиноор харж, тамхи татах цэг байгуулах, сургуулийн орчноос 500 метрийн зайд тамхи худалдаалахгүй гэдгийг 500 алхам болгож өөрчлөх гэсэн хоёр заалтыг өөрийн санаачилсан төсөлдөө оруулж ирсэн юм.

Гэтэл энэ хуулийг өнөөдөр хэлэлцэх үеэр гишүүдийг тамхи татдаг, татдаггүй хэмээн хоёр талцуулахад хүргэв. Уг нь тамхи татаж байгаа хүний эрхэнд халдахгүйгээр Тамхины хяналтын хууль хэрэгжих ёстой. Гэвч тамхи татах цэггүй байгаа нь буруу гэдгийг тамхи татдаг гишүүд болон хууль дэмжигчид хэлж байхад зарим нь эсэргүүцэж байв. Бүр тамхи татдаг гишүүд нь хар тамхичин болох үндэслэлтэй гэж цэцэрхээд, бараг л хар тамхичин, ашиг сонирхлын зөрчилтэй, чи муу, би сайн гэсээр талцаж үзлээ. Тэгэхээр О.Баасанхүү гишүүн өнөөдөр яах аргагүй танхимдаа шуугиан тарьж, ангийн нөхдөө талцуулсан, түүний хувьд од нь гийсэн өдөр байлаа. Гэхдээ удтал маргалдаж, бие биенээ муулж, сайлж, магтаж, доромжилсон төслөөр санал хураасан ч гишүүдийн олонхи нь “Тамхи татах цэг хэрэггүй” хэмээн үзэж, О.Баасанхүү гишүүний төслийг унагаж орхисон юм.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж