-УИХ, Засгийн газартаа хяналт тавих чадамжгүй болсон хэмээн гишүүд шүүмжилж, "давхар дээл”- ээ тайлах асуудлыг ярьж байна. Таны хувьд ямар саналтай байгаа вэ?
-Энэ асуудлыг аль эртнээс л үүнийг ярьж хэлсэн. Ер нь нөхцөл байдал хүндэрсэн. УИХ, Засгийн газраа хянаж чадахгүй байгаа хэд хэдэн жишээ бий шүү дээ. Иймэрхүү байдлаар цааш явах юм бол байдал улам л хурцдана. Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, санхүүгийн хямрал нүүрлэсэн энэ үед аль болох шуурхай арга хэмжээ авч УИХ, Их хурал шигээ, Засгийн газар нь засаг шигээ ажиллах шаардлагатай байна. УИХ бол ард түмний төлөөлөл. Ард түмнээ төлөөллөөд Засгийн газарт бид хяналт тавих үүрэгтэй. Гэтэл Их хурлын бодит байдал маань гүйцэтгэх засаглалдаа хяналт тавьж чадахаа байлаа. Засгийн газар нь Их хурлынхаа толгой дээр гараад суучихсан, сайд нар нь хуралдаа ирдэггүй, ажилдаа оролцдоггүй ийм байдалтай хоёр жил болох нь.
-Ийм богинхон хугацаанд засаг солих шаардлага байгаа юм уу?
-Засаг солих асуудал ерөөсөө яриагүй байна. Дээлтэй дарга нар нь дээлээ тайлдаг л юм байгаа биз. Эрх баригч намаас томилогдсон тэдгээр нөхдийн нилээн хэд нь жагсаалтаар ороод ирчихсэн нөхөд байгаа. Тэд нар нь сайдаар үлдэнэ үү, гишүүнээр үлдэнэ үү хамаагүй. Энэ бол албан тушаалын асуудал биш шүү дээ. Тэр талаас нь ойлгох хэрэгтэй. Миний байр суурь бол дээл тайлах биш. Эхний ээлжинд хариуцлага алдсан сайд нартай хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаа. Өнөөдрийн нөхцөл байдлыг бий болгосон, эдийн засгийг унагаасан сайд нартай хариуцлага тооц. Дараа нь дээл тайлах асуудал яригдах ёстой. Энэ бол зарчмын асуудал. Засгийн газрын хуулинд өөрчлөлт оруулаад л Засгийн газрын бүтэц ямар байх вэ гээд асуудлыг шийдчихэж болно.
-Хариуцлага тооцно гэхээр эдийн засгийг хүндрүүлсэн сайд нарыг огцруулна гэсэн үг үү?
-Уг нь огцруулах асуудал яримаар байгаа юм. Гэтэл эд нар чинь одоо хэлэлцэгдэх хуулиар бултчих гээд байна шүү дээ. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн дагуу би дээлээ тайлсан, би одоо гишүүн болсон гээд ямар ч хариуцлагагүй үр дагавар гарах гээд байна.
-Тэгвэл хэд хэдэн сайдыг огцруулснаар эдийн засгийн байдалд ямар өөрчлөлт гарна гэж харж байна?
-Их хурал, Засгийн газрын хяналт сайжирна. Өнөөдөр Их хурал, Засгийн газрын хоёр төрлийн зарцуулалтад хяналт тавьж чадахгүй байна. Үнэ тогтворжуулах хөтөлбөр. Ямар аж ахуйн нэгжид юу өгсөн юм. Гурван их наяд буюу улсын төсвийн хөрөнгө оруулалтын мөнгөнөөс хоёр дахин их хөрөнгийг хэрхэн зарцуулсан нь тодорхой бус байна. Хөгжлийн банкинд авсан хоёр тэрбум ам.долларын өр зээлийг яаж зарцуулж байгаа нь нууц. Нөгөө талдаа улсын төсөв тасарчихсан цаашид хэрэгжиж чадахгүй байгаа. Хяналт алдагдсан. Ний нуугүй хэлэхэд Монгол Улсын Их хурал Засгийн газар хоёр нийгэм эдийн засгийг жолоодох жолоодлогоо алдчихсан. Өрийн хавцал руу жолоодлогогүй нисч байна гэсэн үг. Хаана очиж хэмхрэх юм байгаа юм.
-УИХ-ын чуулган 2012 онд анхнаасаа хууль бусаар байгуулагдсан гэж яригдаж байсан. Үүнтэй холбоотой байж болох уу?
-Үр дагавар нь ерөөсөө л тэр. Үүнийг Их хурлын удирдлагатай холбож үзэх ёстой. Ийм байдлыг бий болгосон, Засгийн газартаа хяналт тавих чадамжаа алдсан, Их хурлыг бий болгосон АН-ын удирдлага, АН-аас сонгогдсон УИХ-ын даргын асуудал байхгүй юу. Үр дагавар ингэж гарч байна. УИХ анхдугаар хуралдаанаа хийхдээ хууль зөрчөөд л явсан. Тэгэхдээ л УИХ-ын хяналтын бүтцийг эвдсэн хэрэг. Тухайлбал, намуудын байнгын хороонд орох гишүүдийн тоо тэнцвэргүй хэвээрээ л байна. Мөн Ардын намын албан ёсны бүлгийг байгуулж өгөхгүй жил болсон. Энэ хугацаанд эрх баригчид үнэхээр дур зоргоороо аашилж, бүх томилгоогоо хийсэн. Ингээд төрөө завхруулаад УИХ буюу ардчиллын мөн. Чанар болсон парламент, хяналт тавих системийг нураачихаар үр дагавар нь эдийн засаг дээрээ гарч байгаа юм. Эдийн засаг нь өөрөө нурж байна.
-Тэгвэл МАН-ын удирдлагууд УИХ-ыг тараах хүртэл арга хэмжээ авна гэж мэдэгдээд байгаа. Үүнтэй та санал нийлж байна уу?
-Санал нийлж байна. Яг үнэндээ ийм Их хурлаар яах юм. Олон түмэнд очоод би юу хэлэхэв. Намайг сайн хяналт тавиад, Засгаа сайн ажлуул гэж сонгосон. Гэтэл Их хурлын гишүүд нь хяналт тавих чадвахигүй болчихсон байна шүү дээ. Өнөөдөр Монголд ардчилал байхгүй ерөөсөө л хэлбэр төдий зүйл боллоо. Үүнийг шаардлагатай бол олон улсын хэмжээнд гаргаж тавих хэрэгтэй. Ерөөсөө ардчилал гэсэн нэрийн дор улс төр, эдийн засгийн гэмт бүлэглэлүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Гэмт бүлэглэлийн шинж чанартай болж байна. Ёс суртахуун, шударга байдал алдагдаад ирэхээр Засгийн эрх авсан улс төрийн нам гэмт бүлэглэл болж хувирдаг. Тэр лүүгээ л явж байна. Ялангуяа ардчилсан намын фракцын дотоод бүтэц. 6-7 сайд. Бие биедээ захирагддагүй. Хөдөө аж ахуйн бодлого гарах гэхээр нөгөө фракц нь зөвшөөрөхгүй байх жишээтэй. Ерөнхий сайд "би эд нарыг удирдаж чаддагүй юм аа, би зүгээр зохицуулдаг юм" гэж хүртэл ярьж байсан. Энэ бол болохоо больж байгаагийн шинж. Инггээд бүлэглэл дагасан фракц дагасан бүтцүүд яамдууд, Төрийн өмчийн хороогоо хувьчлаад авчихсан. Хууль шүүхийн байгууллагын тэмцэл нь Х.Тэмүүжингийн асуудлаар илэрч байна. Х.Тэмүүжингийн хэлээд байгаа үнэн. яамаа хувьчилсан төрийн өмчийг хувьчилсан хууль хүчний байгууллагаа хувьчилсан бүлэглэлийн улс төр эдийн засгийн эрх мэдлийн төлөөх тэмцлийн үр дүн. Энэ маш ноцтой асуудал. Х.Тэмүүжин үнэхээр хар тамхины асуудалд холбогдсон бол тэрийг баримттай нотлох хэрэгтэй. Хэрвээ үгүй бол гүйцэтгэх ажиллагаа хийсэн цагдаагийн байгууллага үүнийг зохион байгуулсан улс төрийн АН-ын бүлэглэлийг тодорхой болгох хэрэгтэй.
-МАН эрх барьж байхдаа хариуцлагыг хэрхэн тооцдог байсан бэ. Та бүхэн ч бас павхар дээлтэй байсан шүү дээ?
-Бид бодлогооо барьдаг байсан. Ингэхдээ Бодлогын яамдад бол УИХ-ын гишүүн сайдын үүрэг давхар хашдаг. Чиглэлийн буюу аж ахуйн чиглэлтэй яамдууд дан байх ёстой гэсэн зарчмыг баримталдаг байсан. Арай ч ингэж хавтгайрч туйлширч байгаагүй ээ. Ардын нам бол нуруутай, зарчимтай, бас улс эх орны эрх ашгийг дандаа эн тэргүүнд тавьж, асуудалд үндэслэлтэй, тооцоо судалгаатай хандахыг хичээдэг байсан юм.
Эх сурвалж: www.shuud.mn