С.Болд: Төлбөрийн тэнцлийн хямралыг ЭЗ-ийн хямрал болгохгүй

Хуучирсан мэдээ: 2014.04.23-нд нийтлэгдсэн

С.Болд: Төлбөрийн тэнцлийн хямралыг ЭЗ-ийн хямрал болгохгүй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх дэд ажлын хэсгийн гишүүн, Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх, Ерөнхий эдийн засагч С.Болдоос дараах тодруулгыг авсан юм.

-Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр танай Ерөнхийлөгч сүүлийн хоёр жилийн турш төлбөрийн тэнцэл муудсан нь эдийн засгийн хүндрэлийн суурь шалтгаан болж байгаа гэж хэлсэн юм уу? Ер нь төлбөрийн тэнцэл яагаад муудав?

-Тийм ээ, Монголбанкны Ерөнхийлөгч тэгж хэлсэн нь үнэн. Эдийн засгийн хүндрэлийн гол учир шалтгаан нь сүүлийн хоёр жилийн турш Монгол Улсын төлбөрийн тэнцэлд дарамт, хүндрэлүүд бий болж, тэр нь 2013 онд бүр хямралын шинж чанартай болсонд оршиж байгаа юм.Ноднин төлбөрийн тэнцэл 1.9 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан нь үүний тод илрэл. Монголын эдийн засгаас зөвхөн 2013 онд л гэхэд 4 тэрбум ам.долларын гадаад валютын эх үүсвэр буюу 6.1 их наяд төгрөгийн санхүүгийн эх үүсвэр ор тас дутагдлаа. Ингэж мөнгөний нийлүүлэлт, тэр дундаа гадаад валютын эх үүсвэрийн хомсдол бий болсны цаана гадаадын шууд хөрөнгө оруулалт2.4 тэрбум ам.доллараар буурсныг, экспортын орлого 800 сая ам.доллараар багассаныг хэлэх ёстой. Үүн дээр нэмээд бас ирээдүйд хийх экспортын орлогоо барьцаалж байгаад 2011-2012 онд авсан байсан богино хугацаат зээлүүд ч байдаг.

-Төлбөрийн тэнцэлд хүндрэл, хямрал бий болоход эдийн засагт орж ирдэг валют эрс буурсан нь нөлөөлсөн нь ойлгомжтой байх. Гадаад шалтгаанаас гадна дотоод шалтгаан ер нь байв уу?

-Дотоод шалтгаан байлгүй яахав. Монгол Улс 2010-2012 онд орлого сайтай байх үедээ тэрнийгээ хуримтлуулж чадалгүй хэрэглээг л голдуу санхүүжүүлсэн. Тэр үед эдийн засгийн мөчлөг дагаж улсын төсвийн зардлаа огцом нэмэгдүүлж байсан. Тэр дундаа төсвийн урсгал зардлыг, хавтгайрсан халамжийг богино хугацаат урьдчилгаа зээлээр санхүүжүүлсэн. Хүн бүрт олгож байсан халамжийн мөнгөнүүд, 21 мянган төгрөгийг санаж байгаа биздээ?Зөвхөн 2011-2012 онд хүний хөгжил сангаас 1.9 их наяд төгрөгийг халамжийн зорилгоор зарцуулсан байдаг. Энэ ньсүүлийн 3 жилийн дотор Монгол Улс жил бүр 3.1 тэрбум ам.долларын урсгал дансны алдагдалтай, 2 тэрбум ам.долларын гадаад худалдааны алдагдал хүлээдэг болоход шууд нөлөөлсөн. Төлбөрийн тэнцлийн өнөөгийн хямрал, эдийн засгийн хүндрэлийн суурь нь ингэж л тавигдсан. Хамгийн аюултай нь төлбөрийн тэнцлийн хүндрэл, хямрал нь улсын төсвийн алдагдалтай нэгэн зэрэг давхцаж, эдийн засаг дахь хосолмол алдагдал болсноортэр нь санхүүгийн болон макро эдийн засгийн болзошгүй хямралын эрсдэлийг нэмэгдүүлж байв. Тэр цаг үе бол 2012 оны сүүлч, 2013 оны эхэн үе л дээ.

-Төлбөрийн тэнцлийн хямралаас гарах, эдийн засгийн хүндрэлийг арилгах эмчилгээ нь юу байх вэ? Монголбанк хямралын эсрэг ямар арга хэмжээ авав?

-Эмчилгээ нь мөчлөг сөрсөн макро бодлого болон уян хатан тогтох ханшл даа. Монголбанк 2013 оны төлбөрийн тэнцлийн хямралыг санхүүгийн болон эдийн засгийн хямрал болгочихгүйн төлөө үүссэн хүндрэлийг сөрж, эдийн засгийг тогтворжуулах бодлого хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд гадаад орчны сөрөг нөлөөллийг саармагжуулж, эдийн засаг дахь 6.1 их наяд төгрөгийн санхүүгийн эх үүсвэрийн дутагдлыг тодорхой хэмжээнд нөхлөө. Ингэхдээ мөнгөний нийлүүлэлтийг эдийн засгийн бодит секторт улсын төсвөөр дамжуулж биш, харин зөвхөн хувийн хэвшлээрээ дамжуулж хийсэн. Хэрвээ ийм арга хэмжээ аваагүй бол 2013 оны эхний хагас жилд гэхэд манай эдийн засаг гүнзгий хямралд орж, нийт М2 мөнгө буурч, ДНБ-ий бодит өсөлт хасах утгатай болох байсан. Иргэд маань энэ валютын ханшаас л бүх зүйл боллоо гэж өрөөсгөл ойлгож хэрхэвч болохгүй юм. Ханш гэдэг нь эдийн засгийн хүндрэлийн шалтгаан биш, харин төлбөрийн тэнцлийн хямралын бодитой шинж тэмдэг, түүний үр дагавар нь юм. Гадаад зах зээлээс дотоодын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг өөртөө шингээж зөөллөдөг зүйл нь ердөө л ханш байдаг. Хэрвээ бид 2013 оны туршид ханшийг тогтоон барих буюу хамгаалах гэж оролдсон бол гадаад валютын улсын нөөцөө алдаж, эдийн засгийн хямралд нэрвэгдэх байлаа. Төв банк хэзээ ч тийм харалган бодлого хэрэгжүүлдэггүй. Ноднин жилийн турш эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээ авч, мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлсний үр дүнд 2009 оны хямралаас хойшхи хугацаанд макро эдийн засагт үүсээд байсан ужиг өвчинг эмчилж байгааг хэлэх нь зүйтэй байхаа.

-Тухайлбал ямар эерэг нөхцөл байдал гарсан гэж?

-Эдийн засаг маань, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш мааньяг бодит хөрсөн дээрээ л буулаа. Үүнийг бид олон ч удаа хэлсэн. Бид хүсээд, зориод иймханштай болчихоогүй. Үнэхээр 4 тэрбум ам.доллар эдийн засгаас дутагдсан учраас л ханш өдгөө ийм түвшинд ирсэн. Валютын ханшийн энэ орчин нь импортлогдож буй инфляциар дамжин иргэдэд болон импортын орц өндөртэй бизнест хүндээр тусч, бидэнд богино хугацааны зарим хүндрэлүүд бий болгожбайгааг хүлээн зөвшөөрч, ойлгож мэдэрч байна. Үүний нөлөөгөөр ДНБ-ий бодит өсөлт ч саарах эрсдэлтэйг үгүйсгэхгүй. Гэхдээ нөгөө талаар оны эхнээс гадаад худалдаа сүүлийн 4 жилийн дотор анх удаа тэнцвэржиж, төлбөрийн тэнцлийн 2013 оны хямралаас гарах, бидэнд суурь хэрэглээгээ дотоодын үйлдвэрлэлээрээхангадаг болох, бүтээмжээ нэмэгдүүлэх, хуримтлал хийж сурах, байгаа хуримтлалаа арвижуулах, улмаар түүнийгээ хөгжлийн хөрөнгө оруулалт болгож чаддаг болох шинэ боломжийг нээж байгааг хаа хаанаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу.

-Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөлд таны сая ярьсан хүндрэлүүдээс гарах ямар арга хэмжээнүүд орсон байгаа вэ?

-Засгийн газар гадаад валютын урсгалыг сайжруулах, тэр дундаа экспортын бүтээгдэхүүний биет хэмжээг нэмэгдүүлэх, жижиг, дунд хэмжээний гадаадын шууд хөрөнгө оруулалт дорвитой сэргэх орчин, нөхцөлийг бүрдүүлэх, экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын үйлчилгээний орлогыг сайжруулах, эдийн засаг дахь бүтцийн шинжтэй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлд тодорхой заалтууд тусгасан байна лээ. Мөн эдийн засгийн хүндрэлийн үед үндэсний үйлдвэр, дотоодын аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг тогтвортой байлгах, тэдэнд учирч байгаа ачаалал, дарамтуудыг багасгах, дотоодын аж ахуйн нэгжүүдэд бодлогоор, татвараар болон зохицуулалтын бусад арга хэрэгслүүдээр шаардлагатай дэмжлэгүүдийг үзүүлэх, дотоодын компаниуд үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулахыг дэмжих, төрийн өмчийн тогтолцоог бүхэлд нь шинэчлэх зэрэг зайлшгүй чухал арга хэмжээнүүд төсөлд туссан. Монголбанкны тухайд валютын ханшийн эрсдэлийг бууруулах, санхүүгийн үүсмэл хэрэгслүүдийн хэрэглээг идэвхжүүлэх чиглэлийн заалтууд тусгалаа олсон байгаа.

-Дээрх шийдвэр гарч, бодитой хэрэгжсэнээр хүлээгдэх үр дүнг та хэрхэн харж байна вэ?

-Төлбөрийн тэнцлийн хямралыг эдийн засгийн хямрал болгохгүйн төлөө бид бүхэн ажиллаж байгаа, ажиллах ч болно. Эдийн засгийн гадаад, дотоод орчин сайжирсан ч бай, муудсан ч бай аль ч тохиолдолд Монголбанк макро тогтвортой байдлыг үргэлжлүүлэн хадгалахын төлөө бодлогоо чиглүүлнэ. Гадаад худалдаа тэнцвэржсэн, төлбөрийн тэнцлийн хямралаас гарах боломж нэмэгдсэн ийм орчинд дотоодын эдийн засгийн бодит секторыг эрчимжүүлэх, бизнесийн идэвхжилийг дэмжих, бүтцийн шинжтэй томоохон эерэг өөрчлөлтүүдийг хийх, эдийн засагт орж ирэх гадаад валютын урсгалыг сайжруулах зайлшгүй шаардлага гарч байгаа нь хэнд ч ойлгомжтой. Үүнийг хийж чадвал үр дүнд нь экспортын орлого, гадаадын шууд хөрөнгө оруулалт дорвитой нэмэгдэх болов уу. Эцсийн эцэст гадаад валютын урсгал сайжирснаар гадаад цэвэр актив өсч, санхүүгийн болон макро тогтвортой байдлаа хангахын сацуу эдийн засгийн тэнцвэртэй өсөлтөө хадгалах нөхцөл бүрдэнэ.

Л.ЭНХДЭЛГЭР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж