Тогтоолын хэрэгжилтэд Байнгын хороо хяналт тавихаар болов

Хуучирсан мэдээ: 2014.04.23-нд нийтлэгдсэн

Тогтоолын хэрэгжилтэд Байнгын хороо хяналт тавихаар болов

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн салбарын талаарх хууль, тогтоомжийн хэрэгжилтийн байдал, Шинжлэх ухааны академийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн санал, дүгнэлт, Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Байнгын хорооны тогтоолын төслийг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч А.Бакей танилцуулав.

Ажлын хэсэг ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд, лабораторийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, нийтдээ 500 орчим эрдэм шинжилгээний ажилтан,судлаач, эрдэмтэдтэй уулзаж санал солилцжээ. Ажлын хэсэг шинжлэх ухаан, технологийн салбарын өнөөгийн байдал, судлаачидтай хийсэн уулзалтууд дээр голлон хөндөгдөж байсан асуудлууд, салбарын удирдлагын санал зөвлөгөө зэргийг үндэслэн тулгамдсан асуудлыг тодорхойлсон байна. Тухайлбал, эрдэм шинжилгээний зардал хэтэрхий бага байна. Эрдэм шинжилгээний байгууллагууд ШУТСан дахь төсвөөс гадуурх эх үүсвэрээр захиалгат судалгаа хийх боломжтой боловч Төсвийн тухай хуулиар нэмэлт санхүүжилт олох, захиран зарцуулах эрхийг хааж, санхүүгийн бие даасан байдлыг үндсэнд нь үгүй болгосон байна гэж дүгнэжээ. Иймээс цаашид шинжлэх ухааны салбарын бүх шатны байгууллагын төсөв, санхүүгийн олон эх үүсвэртэй, бие даасан байдлыг хангах, хөгжиж буй орнуудын жишгээр эрдэм шинжилгээний зардлын хэмжээ болон лабораторийн тоног төхөөрөмжийг шинэчлэх. Дотоодын хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэх, гадаадын зээл тусламжийн хөтөлбөрт бодлогоор хамруулах. Шинжлэх ухааны ахисан түвшний боловсон хүчин бэлтгэх, залуу судлаачдыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний ажилтнуудын ажиллах нөхцлийг сайжруулах. Цалин, орлогыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг тогтоолд тусгахаар шийдвэрлэсэн байна.

Мөн шинжлэх ухааны салбарт нүүрлээд байгаа хөрөнгө, санхүүгийн хомсдол, хүний нөөцтэй холбоотой бэрхшээлүүдийг богино хугацаанд даван гарч, судалгааны ажлын нийгмийн хэрэгцээнд нийцсэн үр дүнг дээшлүүлэхийн тулд санхүүжилт, нэн ялангуяа хөрөнгө оруулалтыг 2015 оноос эхлэн шат дараатай, шинэлэг арга, хэлбэрээр мэдэгдэхүйц нэмэгдүүлж, улмаар судалгаа боловсруулалтын зардлын хэмжээг 2016 онд ДНБ-ий 1.0 хувьд хүргэх шаардлагатай гэж үзжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлт болон тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд “Шинжлэх ухааны салбарыг дэмжиж, тухайн байгууллагыг бэхжүүлэх асуудал аль ч улс орны анхаарлын төвд байдаг. Иймд шинжлэх ухааны салбарын бие даасан байдлыг хангахгүйгээр хөгжлийн асуудал ярихад хэцүү. Ялангуяа санхүү, төсвийн бие даасан байдлыг дэмжих нь зүйтэй. Бага цалинтай, хоцрогдсон тоног, төхөөрөмж дээр орчин үеийн шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах боломж муу байгаа нь харагдаж байна. Шинжлэх ухааны салбарын үйл ажиллагаанд хамгийн орчин үеийн судалгааны лаборатори зайлшгүй шаардлагатай. Иймд лабораторийн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх хэрэгтэй. Түүнчлэн шинжлэх ухааны ойлголтыг бий болгох, эрдэм дэлгэрүүлэх  үйл ажиллагааг дэмжих, анагаах ухаан, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд Шинжлэх ухааны академи онцгой анхаарал хандуулах хэрэгтэй” гэж хэлж байв.
Ингээд гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж дэмжлэг хүлээж тогтоолын төсөл батлагдлаа.

Байнгын хорооны дарга Д.Батцогт “Байнгын хорооны тогтоолыг Засгийн газарт хүргүүлж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана” гэлээ.

Үүний дараа Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг Байнгын хороо, чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэх хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг, мөн Иргэдийн амьжиргааны түвшин, үнийн инфляцийн өөрчлөлттэй уялдуулан цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг тус тус байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа. Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн А.Бакей, Иргэдийн амьжиргааны түвшин, үнийн инфляцийн өөрчлөлттэй уялдуулан цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудлыг судлах Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Я.Содбаатар тус тус ажиллахаар боллоо. Байнгын хорооны хуралдаан өндөрлөөд байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж