Энэхүү тогтоолын төсөлд эдийн засгийг эрчимжүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах хүрээнд 23 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгаад байгаа юм. Тухайлбал, Жижиг бизнес эрхлэх зөвшөөрлийг хөнгөвчлөх, татвар, түрээсийг тодорхой хугацаанд тогтвортой байлгах арга замыг судалж шийдвэрлэх.
Дунд хэмжээний компаниудын бизнес эрхлэх орчинг сайжруулж, тэдгээрт зээлийн болон зээлийн даатгалын дэмжлэг үзүүлэх. компаниудын тогтвортой үйл ажиллагааг хангах, тэдгээрийг гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд оролцоход нь дэмжлэг үзүүлэх.
Бичил, жижиг, дунд бизнесийн хөгжлийн санхүүжилтийн арга хэлбэрүүдийг боловсронгуй болгох чиглэлээр Засгийн газар, Монголбанкны үйл ажиллагааг уялдуулах, энэ чиглэлийн сангуудын үйл ажиллагаанд Монголбанкны оролцоог хангах, сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зэрэг нийт 23 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ.
Дээрх шийдвэрийг гаргахаас өмнө хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Жилийн өмнө олон яамны төлөөлөл орсон ажлын хэсэг эдийн засгийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, маш үндэслэлтэй судалгаа гаргасан боловч өнөөдрийг хүртэл УИХ энэ дүгнэлтийг сонссонгүй. Тухайн үед тэрхүү дүгнэлт, судалгааг сонсож хэлэлцсэн бол эдийн засгийн хүндрэлээс аль эрт урьдчилан сэргийлж, арай бага өртэгтэйгөөр хямралаас гарах боломжтой байсан. Мөн оны өмнө Д.Зоригт гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулж, эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан авах арга хэмжээний саналуудаа багцлан Засгийн газарт хүргүүлсэн. Гэтэл Засгийн газар эдгээр санал, дүгнэлтийг огт хэлэлцээгүй мөртлөө нөхцөл байдал хүндрэнгүүт хэдэн сарын дараа эдийн засгийг эрчимжүүлэх төлөвлөгөөг УИХ-д оруулж ирлээ. Яагаад энэ дүгнэлт, саналуудыг авч хэлэлцээгүй байж одоо тогтоолын төсөл оруулж байгаа юм бэ” гэв.
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр "Валютын ханшийн өсөлтийг дагаад юмны үнэ өсөөд байгаа нь санаа зовоосон асуудал болж байна. Үүнээс гадна дэлхийн эдийн засгийн байдал таатай биш, манай экспортын гол бүтээгдэхүүн болох алт, зэс, нүүрсний үнэ буурч байна. Бид сигналыг авч байгаа. Харин энэ тогтоолын төсөл нь валютын ханшийг тогтворжуулах, ингэснээр үнийн өсөлтийг хязгаарлах, эдийн засгийнхаа өсөлтийн өндөр төвшинг хадгалахыг зорьж байгаа юм" гэсэн хариулт өгөв.
Тэгвэл УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Эдийн засгийг хүндрэлээс гаргах анхны санаа гарснаас хойш хэдэн сар ч өнгөрөв. Анх 2013 оны дөрөвдүгээр сард эдийн засгийн гадаад дотоод байдлын судалгаа гарсны дараа эдийн засгийг богино, дунд хугацаанд хүндрэлээс гаргах УИХ-ын тогтоол гарах ёстой гэж зарим гишүүд үзсэн. Гэвч тогтоол гарахгүй их удсан. Харин энэ тогтоол яаж үүссэн бэ гэхээр Б.Гарамгайбаатар гишүүний өрөөнд тав зургаан гишүүн уулзаж, миний санаачилсны дагуу эдийн засгаа хүндрэлээс гаргах талаар нэн яаралтай арга хэмжээ авахгүй бол болилоо гэдэгт санал нэгдсэн. Явцын дунд энэ тогтоолын төслийг Засгийн газраас оруулж ирэх нь зүйтэй юм байна гэж үзсэн ч тэрнээс хойш бас л удаашруулсан. Одоо энэ тогтоолын төслийг хартал өөрчлөгдсөн юм юу ч алга. Асуудал нь нэн яаралтай боловч Засгийн газар нэн яаралгүй, монгол хүний тайван, уужуу хүлээцтэй байдлаар оруулж ирж байна. Яагаад ийм байдлаар асуудалд хандав, яасан Засгийн газар гэж энийг хэлэх юм бэ, яагаад ажил нь ийм удаан явдаг юм бэ. Хэтэрхий ерөнхий, яах гээд байгаа нь тодорхойгүй тогтоол. Дахин боловсруулалт хийх хэрэгтэй. Судалгааг анхаарах ёстой. Валютын ханшийг 1450 төгрөгөөр тооцож байгааг юу гэж үзэх юм. Хэн яаж гаргасан тооцоо вэ. Тодорхой хариулт өг. Инфляцид валютын ханш нөлөөлөөд ард иргэдийн худалдан авах чадвар муудсан бол ингээд яваад л байх юм уу. Ядуурлыг бууруулах чиглэлээр яагаад тодорхой үүрэг өгөгдөхгүй байгаа юм бэ. "Newsweek "-т бичсэнээр Монгол Улсын нэр хүнд унаж байна. Дэлхий гэж их ярьдаг хүмүүс дэлхий, бас хөрөнө оруулагчдад ямар хариу өгөх гэж байна. Сүүлийн мэдээгээр 1000 гаруй компанид татварын асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэгдсэн гэж сонслоо. Яагаад татварын реформ, өршөөлийн тухай энэ тогтоолын төсөлд оруулаагүй юм. Монголын эдийн засгийг сайжруулъя гэвэл яаралтай асуудлаа цаг хугацаатай нь шийдвэрлэх ёстой. Яагаад Монгол Улсын талаар олон улсын байгууллагууд өөр өөр байр суурьтай, яагаад Монгол Улсын төрийн байгууллагууд нь олон цонхоор яриад байна вэ. Үүний хариу болгож Засгийн газар ба хөгжлийн түншлэлүүдийн өмнө нь хийгдэж байсан уламжлал уулзалтуудыг яагаад хийж болдоггүй юм бэ. Яагаад гэсэн асуулт зөндөө байна. Би хариулт авахгүй. Хариултаа та нар энэ тогтоол дээрээ тусгачих” гэсэн ширүүхэн дайралт хийв.
Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Өнөөдөр бүх юм болоод байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг, сайн ч юм шиг, муу ч юм шиг, бүгдээрээ буруутай ч юм шиг, үгүй ч юм шиг. Ерөөсөө ойлгогдохгүй байна. Энэ тогтоол бол эдийн засгийг эрчимжүүлэх гэсэн утгатай. Хэрвээ эрчимжүүлэх гэж байгаа юм бол нэг их яараад хэрэггүй байх. Тэгсэн мөртлөө Засгийн газар энэ тогтоолыг нэн яаралтай хэлэлцүүлье гэж байгаа. Аюулын дохио, харанга дэлдэж байгаа учраас дараарал харгалзахгүй хэлэлцүүлье гэсэн санал гаргасан гэж ойлгож байна. Гэтэл Эдийн засгийн хөгжлийн сайд нь бүх юм сайхан байгаа, эдийн засаг хүндрээгүй гэж хэлэх юм. Харин Монголбанкны ерөнхийлөгч нь болохоор бүх юм хүндэрсэн гэж хариулах юм. Хэн нь үнэн, хэн нь худлаа яриад байгаа юм бэ, ойлгохгүй байна. Үүнд тодорхой хариулт өгөөч. Эдийн засгийн хөгжлийн сайд болохоор УИХ буруутай гэж хэлэх юм. УИХ-ыг яагаад буруутгаж байгаа юм бол гэж бодохоор УИХ мөнгөний бодлогыг баталдаг, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх үүргийг Монголбанкны ерөнхийлөгч хариуцдаг. Тийм болохоор инфляци, валютын ханш өсч байгаа нь УИХ-ын баталсан бодлого буруу байсных, Монголбанкны ерөнхийлөгчийн муу ажилласных гэж хариулах юм.
Гэтэл төв банкны зүгээс “Эдийн засгийн хөгжлийн сайд төсөв батлах үед ам.долларыг 1380 төгрөг болгоно гэж хэлээд оруулж ирсэн. Тэрний дагуу долларыг энэ ханшаар тооцсон байгаа” гэх. Хэнийх нь үгэнд итгэх вэ. Тэгтэл өнгөрсөн долоо хоногт татварын хууль хэлэлцэхэд ам.долларыг 1450 төгрөг болгоно гэсэн санал оруулж ирсэн. Гэвч бодит байдал дээр ам.доллар 1800 төгрөгт ойртсон. Засаг нэг гараараа хувийн хэвшлийг дэмжинэ гэх боловч нөгөө талд маш олноор нь хаалгыг нь бариулж байна. Мал өссөн нь Засгийн газрын ажил гэж хэлэх юм. Уул нь малыг малчид хариулдаг, малыг хуц ухна хээлтүүлдэг. Засгийн газар энэ ажлыг өөртөө наах хэрэггүй гэж хэлсэн чинь эргээд малчдыг доромжиллоо, уучлал гуй гэх юм. Уг нь өөр хийх ажил баймаар л санагдах юм. Өнөөдөр бүгдээрээ улстөрждөг. Бүр малчдыг хүртэл улстөржүүлдэг болсон байна. Сайн болгоныг өөртөө наах гээд байгаа юм бол алдаатай бүхнээ та бүхэн өөрсөддөө бас нааж болохгүй юу. 100 хоногт эдийн засгийг эрчимжүүлнэ гэсэн. Хоёр жилийн дотор эдийн засгийг ийм байдалд оруулчихлаа. Ард иргэдийн амьдрал ямархуу байна. Монгол Улс өрийн сүлжээнд орчихсон байна. Өмнө нь хуримтлалтай байсан. Импорт яагаад буурав гэж асуухаар тансаг хэрэглээ буурсантай холбоотой гэж тайлбарлах юм. Харин өмнө нь хүмүүс зарлагаасаа илүү орлоготой байсан, бий болсон хуримтлалаасаа машин тэрэг худалдаж авдаг байсан. Өнөөдөр хуримтлал байхгүй болж. Тиймээс сайд нар ийм байдлаар асуудалд хандмааргүй байна” гэлээ.
Түүнчлэн дээрх тогтоолын төсөлтэй холбоотойгоор санал хэлэх үед УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Ардчилсан нам МАХН 2016, 2020 онд хамтарч ялах гэрээ байгуулчихсан байхад энд эдийн засаг гэж ярих хэрэг байгаа юм уу? Ардчилсан нам, МАХН хоёр нийлээд Монгол Улсын 10 жилийн ирээдүйг шийдчихсэн байхад одоо юу ярих юм. 100 хоногийн кампанит ажил гээд хоёр хуудас юм оруулж ирж. Энэ тогтоолын төслийн 17-д казино оруулж ирэх заалт байна. Олон юм ярьж бүтэхгүй төсөл оруулж байхаар тэр төмөр замын төслөө оруулаад ирэхгүй яасан юм. Ухаалаг төртэй болох гээд байгаа юм бол бүтэц бүрэлдэхүүнээ эргэж харахгүй юм уу? Ийм бүтэцтэй байхад ажил явагдахгүй, бүтэхгүй. Зарим нь ажлаа өгөх хэрэгтэй. Энэ чинь гадаадын хөрөнгө оруулалтыг татахад 50 хувийн дэмжлэг болно шүү!. Хоолойд тулсан яс шиг тээглээд байгаа сайдаа зайлуулаач, зургаан жил төмөр замыг гацаасан сайд Х.Баттулгыг явуулаач. Ганц сайддаа хариуцлага тооцож чадахгүй эрх баригч хүчин байгаад яадаг юм” гэх ширүүхэн сануулга өгөөд, хуралдааны танхимыг орхин гарсан юм.
Байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар энэ тухай “Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийг эрчимүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг банйгын хороогоор хэлэлцэхэд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ач холбогдол өгч өргөн бүрэлдэхүүнтэй оролцсонд талархал илэрхийлье. Өнөөдөр үүссэн нөхцөл байдал нь олон жилийн ужгирсан асуудлаас бий болсон гэдгийг УИХ-ын гишүүд үндсэндээ хүлээн зөвшөөрлөө” гэсэн юм.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс ердөө гурван гишүүн харьяалагддаг ч өнөөдрийн хуралдаанд Ч.Хүрэлбаатар нарын харьяалалгүй олон гишүүн оролцож төслийн хэлэлцүүлгийг хийж, эл асуудлыг зөвхөн Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцээд өнгөрөх бус УИХ-ын Төсвийн байнгын хороогоор хэлэлцэх. Улмаар ажлын хэсэг байгуулж, Хөгжлийн банк, “Эрдэнэс тавантолгой” компаниудад шалгалт хийх ёстой. Тэгэхгүй бол дээрх газруудтай холбоотойгоор ноцтой асуудлууд сонсогдож байна” гэх санал дэвшүүлж байлаа.
Үүний дараа тус байнгын хороогоор Үндэсний статистикийн хорооны 2013 оны үйл ажиллагааны тайланг сонссоноор энэ өдрийн хуралдаанаа өндөрлүүлэв.