2013 онд Олон улсын шинжээчид тус номын сангийн үйл ажиллагаатай танилцаад ШУТИС-ийн Төв номын сан бол Олон улсын жишигт хүрсэн гэсэн дүгнэлтийг өгсөн.
ШУТИС-ийн Төв номын сан “Дэлхийн номын өдөр”–ийг улсын хэмжээнд тэмдэглэж буй учир энэ өдөр олон төрлийн арга хэмжээг зохион байгууллаа. Үүний нэг нь Олон улсын техник технологийн номын үзэсгэлэн юм. 2007 оноос ШУТИС-ийн Төв номын сан ОХУ-ын хэвлэлийн газруудтай хамтарч энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж эхэлсэн. Энэ жил ОХУ-ын “АСВ” хэвлэлийн газрын барилгын мэргэжлийн ном, “Горная книга” хэвлэлийн газраас шинээр ирсэн номын үзэсгэлэнг гаргаж байна. Мөн Америкийн Монгол Судлалын Төв “Азид зориулсан ном хөтөлбөр”-ийн хүрээнд ШУТИС-ийн номын санд техник технологи, нийгэм, эдийн засаг, бизнесийн чиглэлийн 300 гаруй төрлийн 1000 ширхэг ном бэлэглэлээ. Эдгээр номнуудыг үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд дэлгэн танилцуулсан юм.
Мөн энэ өдөр Барилга, инженер, архитектур сургуулийн архитектурын ангийн оюутнуудын “Архитектур-Чулуунд шингэсэн симфони” сэдэвт бүтээлүүдээр нээлттэй үзэсгэлэн гаргаж, багш Ш.Энхтунгалаг “21-р зууны архитектур дахь эрх чөлөө” шинэ номын нээлт хэлэлцүүлгийг хийлээ. Дэлхийн номын өдрийг ШУТИС-ийн оюутнууд номтой хамт өнгөрүүлэх, залуу үеийг номонд дуртай болгох зорилгоор профессор, багш нарын шилдэг бүтээлүүд үзэсгэлэн, хэвлэлийн газруудын номын худалдаа, ШУТИС-ийн оюутны “Миний ном” клубын үйл ажиллагааг явууллаа.