Усан цахилгаан станцын тухай мэдээлэл өгөв

Хуучирсан мэдээ: 2014.04.23-нд нийтлэгдсэн

Усан цахилгаан станцын тухай мэдээлэл өгөв

УИХ-ын дарга З.Энхболд Турк Улсын ZTM корпорацийн захирал Муслум Гундузыг өнөөдөр /2014.04.23/ хүлээн авч уулзлаа.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн А.Тлейхан нарын санаачилгаар  Баян-Өлгий аймгийн төвөөс 30 гаруй км зайд Ногоон нуур сумын нутаг дэвсгэр “Тавалтайн хавцал” хэмээх газар 56 мвт хүчин чадалтай усан цахилгаан станц барих судалгааг Туркийн ZTM корпораци өөрийн хөрөнгөөр  хийж дуусгасан бөгөөд одоогийн байдлаар техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгаа юм.

ZTM корпорацийн захирал Муслум Гундуз , УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархаж буйгаа илэрхийлээд, компанийнхаа үйл ажиллагааны талаар танилцуулав. Урьдчилсан тооцоогоор Баян-Өлгий аймгийн Ховд голыг түшиглэн баригдах усан цахилгаан станц барихад 156 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа бөгөөд бүх судалгаа хийгдсэний дараа төсөвт өөрчлөлт орж магадгүйг тэрээр дуулгалаа. 1950-иад оноос Турк Улс усан цахилгаан станц барьж эхэлсэн бөгөөд одоогоор 500 гаруй усан цахилгаан станц барьж ашиглалтад оруулсан арвин туршлагатай юм байна.

Улсын Их Хурлын дарга, компанийн үйл ажиллагаанд амжилт хүсээд, 3 дугаар сард Баян-Өлгий аймагт ажиллахдаа усан цахилгаан станц барих газартай танилцсан. Энэ усан цахилгаан станц баригдаж ашиглалтад орсноор Монгол Улсын баруун бүсийн хамгийн том усан цахилгаан станц болно хэмээгээд ажлаа хурдавчлах хэрэгтэйг онцоллоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж