Сочийн олимп дэргэд ирлээ

Хуучирсан мэдээ: 2014.04.23-нд нийтлэгдсэн

Сочийн олимп дэргэд ирлээ

Олимпийн наадамд монголчууд анх 1964 онд оролцож эхэлсэн түүхтэй. Монголын олимпийн түүх бичигдэж эхэлсний 50 жил, монголчууд 13 дахь удаагаа өвлийн олимпийн наадамд оролцсоны тэмдэглэлт өдрүүдэд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ нь Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, гэрэл зурагчин Ч.Ганбатын "Сочи-2014" гэрэл зургийн тайлан үзэсгэлэн юм. Үзэсгэлэнг Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, МҮОХ санаачлан зохион
байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ССАЖЯ дэмжлэг
үзүүлсэн байна.

Өвлийн спортыг олон нийтийн хүртээл болгон, сурталчлахад чухал үүрэг гүйцэтгэх эл үзэсгэлэнд гэрэл зурагчин Ч.Ганбатын “Сочи-2014” өвлийн 22-р олимпийн наадмыг сурвалжлах явцдаа дуран авайдаа буулгасан 200 гаруй зургийг түүвэрлэн үзүүлжээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд Сочийн олимпийн наадамд Монголын баг тамирчдыг ахлан оролцсон УИХ-ын гишүүн, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын тэшүүрийн холбооны ерөнхийлөгч Ц.Даваасүрэн, ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, ОХУ-ын Элчин сайдын яамны Элчин зөвлөх Игорь Николаевич Аржаев, Олимпийн аварга Э.Бадар-Ууган, Цанын холбооны ерөнхийлөгч Р.Раш, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, Гүйлтийн цанын шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулга, “Сочи 2014” олимпийн наадамд оролцсон гүйлтийн цанын тамирчин Ч.Отгонцэцэг нарын хүндэт зочид уригдан оролцлоо.

“Blue Moon” арт галерейд нээгдсэн “Сочи 2014” үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ.

Гэрэл зурагчин Ч.Ганбат нь

-“Хонгконг 2009” Зүүн Азийн наадам
-“Токио 2010” жүдо бөхийн ДАШТ
-“Гуанжоу 2010” Азийн наадам
-“Парис 2011” жүдо бөхийн ДАШТ
-“Лондон 2012” зуны олимпийн 30-р наадам
-“Тяньжин 2013” Зүүн Азийн наадам
-“Сочи 2014” өвлийн олимпийн 22-р наадамд тус тус гэрэл зурагчнаар оролцсон, Монголын спортын шилдэг сурвалжлагч юм.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж