2011-2013 онд Монгол Улсын урсгал тэнцлийн алдагдал 9.4 тэрбум ам.доллар, гадаад худалдааны алдагдал 6.2 тэрбум ам.доллар байжээ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн 3 жилд Монгол улс жилд дунджаар 2.1 тэрбум ам.долларын алдагдалтай гадаад худалдаа хийдэг, төлбөрийн урсгал данс нь жил бүр дунджаар 3.1 тэрбум ам.долларын алдагдал хүлээдэг байсан. Гэтэл 2014 оны эхний улирлын байдлаар Монгол Улсын гадаад худалдаа тэнцвэржиж, алдагдлын хэмжээ нь 9 сая ам.доллар болж эрс буурчээ.
Ийнхүү худалдаан дээр суурь өөрчлөлт, эерэг хандлага гарсан хэдий ч асуудал бас байна. Тухайлбал нүүрсний экспорт биет хэмжээгээрээ огт буураагүй ч, экспортын орлого нь валютаараа орж ирэхгүй байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеэс ялимгүй өссөн ч, түүнд дорвитой том өөрчлөлт гараагүй хэвээрээ л байна. Урсгал данс, гадаад худалдааны их хэмжээнийалдагдлыг бид гадаадын шууд хөрөнгө оруулалтаар нөхөөд явдаг байсан. Ингэхийн тулд бид гадаадын хөрөнгө оруулагчдад бараг л буу тулгуулж байгаад уул уурхайн гэрээнүүд зурдаг байсан гээд хэлчихэд хилсдэхгүй биз. Жишээ нь Чалкогийн гэрээ бол үүний тод жишээ. Одоо бид гадаад худалдаагаа тэнцвэржүүлж, эдийн засгийг хорт хавдраас нь ангижруулж байгаа учраас гадаадын хөрөнгө оруулагчдад дахин буу тулгуулж, уул уурхайн элдэв янзын гэрээ зурах муу дадал, зуршлаасаа ч бүрэн салж байна.
Гадаад худалдаа сүүлийн 4 жилд анх удаа тэнцвэртэй болсон ийм орчинд нүүрсний экспортын орлого маань орж ирээд, хөрөнгө оруулалт ахиад сайжирвал энэ нь мэдээж ханшин дээр эерэг нөлөөлөл авчрах нь дамжиггүй. Ер нь макро орчноо, санхүүгийн салбараа тогтвортой байлгаж, эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийг хангая гэвэл бид олж байгаа орлогоо хуримтлал, дотоодын үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт болгож сурах л хэрэгтэй.