ХАА-н орлого гурав дахин нэмэгдэх боломжтой

Хуучирсан мэдээ: 2014.04.23-нд нийтлэгдсэн

ХАА-н орлого гурав дахин нэмэгдэх боломжтой

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас өнөөдөр мал аж ахуйн салбар эдийн засагт ямар нөлөө үзүүлж байгаа талаарх тойм мэдээлэл өглөө. Хөдөө аж ахуйн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл дотоодын нийт бүтээгдэхүүний 15 орчим хувийг эзэлдэг бөгөөд экспортын орлогын 10 хувийг бүрдүүлж байна. Төр засгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хөдөөгийн иргэдийн хөдөлмөрийн дүнд салбарт сүүлийн жилүүдэд ахиц гарсан ч дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх ХАА-н гаралтай бүтээгдэхүүний хэмжээ өсөхгүй байгаа нь эдийн засгийн бусад салбар, ялангуяа уул уурхай, хүнд үйлдвэр, аялал жуулчлалын салбарт өсөлт түргэссэнтэй холбоотой талаар албаныхан тайлбарлав.

Дотоодын нийт бүтээгдэхүүнд мал  аж ахуйн салбарын гүйцэтгэх үүрэг (хувиар)
 

Үзүүлэлт

 

Он

 

1995

 

2000

 

2005

 

2009

 

2010

 

2011

 

2012

 

2013

Дотоодын нийт бүтээгдэхүүнд  хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний эзлэх хэмжээ

 

38.0

 

33.4

 

21.7

 

21.1

 

15.9

 

13.0

 

14.6

 

14.8

ХАА-н бүтээгдэхүүнд мал аж ахуйн салбарын эзлэх хэмжээ

 

85.2

 

87.6

 

82.2

 

82.5

 

75.0

 

79.2

 

81.2

 

88.1

Өнгөрсөн жилийн байдлаар улсын хэмжээнд 207.8 мянган малтай өрх,  289.7 мянган малчин байгаа ажээ. Малчдын 40 орчим хувийг 16-34 насны залуус, 50 орчим хувийг  36-аас дээш насны иргэд, үлдсэниийг тэтгэврийн насны хүмүүс эзэлж байна.

Нийт малын 99 хувь нь хувийн өмчид байгаа бөгөөд мал аж ахуйн салбараас жилд дунджаар хонины ноос 22.1 мянган тонн, ямааны ноолуур 5.6 мянган тонн, бодын хөөвөр 1.3 мянган тонн, тэмээний ноос 1.2 мянган тонныг бэлтгэж, 335 сая литр сүү, цагаан идээ үйлдвэрлэж байна. Үүний зэрэгцээ дагалдах бүтээгдэхүүн ашиглаж, олон зуун сая долларын ашиг олох боломжтойг салбарынхан онцолж буй.

Хэрвээ түүхий эдийг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгосон тохиолдолд энэ салбарын орлогын хэмжээ доод тал нь гурав дахин нэмэгдэх тооцоо гарчээ.

Цаашдаа малчдын орлогыг нэмэгдүүлэх, малын түүхий эд бараа бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх, тогтвортой байлгах, малчдын тав тухтай амьдрах нөхцлийг хангах зорилгоор  “ Мал аж ахуйн тогтвортой хөгжил” хөтөлбөрийн төслийг боловсруулсан байна. Энэ бодлогын хүрээнд малчин мэргэжлийг баталгаажуулж, малчдад гэрчилгээ олгож, малчин өрхүүдэд жижиг дунд үйдвэрлэл эрхлэгчийн статус олгосны дээр дотоодын үйлдвэрт нийлүүсэн хонь, тэмээний ноос болон арьс ширэнд урамшуулал олгож байгааг ийнхүү албаныхан онцоллоо.

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж