Ц.Нямдорж ууртай байна

Хуучирсан мэдээ: 2014.04.23-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж ууртай байна

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ууртай байна. МАХН, Ардчилсан нам хоёр 2016, 2020 онд ялах 10 жилийн гэрээ байгуулсан тухай мэдээлэл өнөөдөр цахим ертөнцөд тарсан нь түүнийг бачимдуулсан бололтой.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Эдийн засгийг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр дээрх гэрээний тухай онцолж, танхимд суусан гишүүдийг хүний өөрийн ялгалгүй зандраад авлаа. Тэрээр энэ тухай “Ардчилсан нам, МАХН 2016, 2020 онд хамтарч ялах гэрээ байгуулчихсан байхад энд эдийн засаг гэж яриад байх хэрэг байгаа юм уу?. Ардчилсан нам, МАХН хоёр нийлээд Монгол Улсын 10 жилийн ирээдүйг шийдчихсэн байхад одоо юу ярих юм. 100 хоногийн кампанит ажил гээд хоёр хуудас юм оруулж ирж. Энэ тогтоолын төслийн 17-д казино оруулж ирэх заалт байна. Олон юм ярьж бүтэхгүй төсөл оруулж байхаар тэр төмөр замын төслөө оруулаад ирэхгүй яасан юм бэ?

Ухаалаг төртэй болох гээд байгаа юм бол бүтэц бүрэлдэхүүнээ эргэж харахгүй юм уу?. Ийм бүтэцтэй байхад ажил явахгүй, бүтэхгүй. Зарим нь ажлаа өгөх хэрэгтэй. Энэ чинь гадаадын хөрөнгө оруулалтыг татахад 50 хувийн дэмжлэг болно шүү!

Данхайсан бүтцэд 40 тэрбум төгрөг зарж байгаагаа хэмнэхгүй юм уу? 0 үнийн дүнтэй объектуудаа яах юм?. Төсөвт 1380 төгрөг гээд тусгачихсан ам.долларын асуудлаа яах юм?. Галзуу хүн л Засгийн газрын тендерт орно шүү. Өнөөдрийн Засгийн газрын хийж байгаа ажил зүгээр л хэвлэл рүү анхаарч байгаа болохоос бүтээн байгуулалт руу анхаарч байгаа юм алга.

Нам дээрээ сайн ярьцгаа. Үндсэн хууль, төр хоёрыг наймаалцсан хуйвалдаанаа одоо зогсоо. Бодитой асуудлуудаа оруулж ир!. Төсөв, төмөр замаа оруулаад ир Н.Батбаяр сайд аа.  Юмаа унш. Алийн болгон цаашдаа улс орныг ингэж байлгах гэсэн юм.

Худлаа хийрхэж дэмий юм ярьж суутал цаг хугацаа явж дууслаа. Хоолойд тулсан яс шиг тээглээд байгаа сайд нараа зайлуулаач, Монголын төмөр замыг үгүй хийсэн, сайд Х.Баттулгыг явуулаач… Юугаа хийгээд суугаа байгаа юм, эрх баригч хүчин байж ганц сайддаа хариуцлага тооцож чадахгүй сууж Засгийн эрх барина гэж юу байдаг юм” гэх ширүүхэн үг хэлээд гарч одов.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар “Ц.Нямдорж гишүүн ээ, та дэгийн хуулиа мөрдөж минутандаа ярих хэрэгтэй байна” гэж удаа дараа анхааруулсан ч тэрээр үг авсангүй, хэлье гэснээ хэлж санаа амрав бололтой, хуралдааны танхимыг орхиж гарсан юм.

Г.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж