“Дэлхийн данстай Монголын өв соёл&#34 гарч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.04.23-нд нийтлэгдсэн

“Дэлхийн данстай Монголын өв соёл&#34 гарч эхэллээ

ГХЯ, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ болон Монгол телевизийн уран бүтээлчдийн хамтын бүтээл “Дэлхийд данстай Монголын өв соёл” цуврал нэвтрүүлгийн эхнийх нь өнгөрөгч ням гарагаас  МҮОНТВ-ээр үзэгчдийн хүртээл болж эхэллээ.

Манай өмнөд хөршийн нийслэл Бээжин хотноо хадгалагдаж байдаг Монголын түүх, соёлын холбогдолтой дурсгалт газруудыг сурвалжлан судалж, монгол үзэгчиддээ хүргэх зорилгоор 8 цуврал нэвтрүүлэг бэлтгээд байгаа юм. ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, судалгааны газрын захирал, түүхийн ШУ-ны доктор Ц.Батбаяр, Хөрш орнуудын газрын зөвлөх, СГЗ Я.Ганбаатар нар болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ идэвхтэй оролцсон танин мэдэхүйн эдгээр нэвтрүүлэгүүд ням гариг бүрт цацагдах ажээ.

Бээжин хот нь XIII зууны үед Монголын эзэнт гүрний их нийслэл байсан билээ. Монголын эзэнт гүрний их хаан Хубилай сэцэн Бээжин хотыг гүрний их нийслэлээрээ зарлан зарлиг гаргаж, улмаар их бүтээн байгуулалтыг өрнүүлснийг өнөөдөр үлдэж хоцорсон орд харш, сүм хийд, цамхаг, суваргын үлдэгдэл турь бэлхнээ гэрчилж байна. Тиймээс тухайн цагтаа хятадаар Дайду буюу монголоор Их нийслэл Хаанбалгас хэмээн нэрлэгдэж, дэлхий дахинаа “дорно зүгийн хосгүй үзэсгэлэнт хот” хэмээн шагшигдаж байсан түүхтэй. 

Нэвтрүүлэгт үзүүлэх Хубилай хааны Цагаан суваргат сүм, Хубилай хааны гүнжийн сүм, Чанчунь бомбын Цагаан үүлийн сүм, Төрийн хөвгүүдийн сургууль, Тэнгэр шинжих ордон, Хэвтээ бурхан зэрэг олон өв дурсгал хүн төрөлхтний түүх, соёлын гайхамшигт өв болон ЮНЕСКО, Дэлхийн соёлын өвийн бүртгэлд мөнхөрсөн байдаг. Монголчууд эдүгээ өмнөд хөршийн нийслэл Бээжин хотод олонтаа зорчих болсон ч тэнд монголын түүх, соёлын ийм их нандин өв дурсгалууд байдгийг тэр бүр мэддэггүй билээ.

Дэлхийн өнцөг булан бүрт хадгалагдаж үлдсэн Монголын түүх, соёлын холбогдолтой энэ мэт өв дурсгалуудыг ГХЯ цаашид ч сурвалжлан судалж, үзэгчид, уншигчдын хүртээл болгохыг зорьж байна.

Эх сурвалж: mfa.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж