“Азийн цагаан дагина” гэх хогны ногоон уутанд хэдэн тэрбумаар нь мөнгө цацах шаардлагагүй гэсэн иргэдийн эсэргүүцэл “Энэ уутыг үргэлжлүүлэн тараах нь зөв үү, буруу юу” гэж санал асуулга явуулах хэмжээнд хүргэсэн юм. Цахим ертөнцийнхөн ч хамгийн идэвхитэй эсэргүүцэгчид байж, хогны уут тараахыг болиулах аяны түрүүнд явцгааж байсан бөгөөд “Санал асуулга явуулж байгаад шийдье” гэх хотын дарга, НИТХ-ын шийдвэрийг сонсоод бараг л ялалтаа тэмдэглэн баярлацгааж байсан билээ.
Гэтэл өнөө хүсэн хүлээгээд байсан санал асуулгын дүн гарч, хогны уутыг цаашид үргэлжлүүлэн тараахаар болж. Ингэхдээ санал асуулгад цахим хэлбэр, мессеж гээд арай боловсронгуй арга хэрэглэж болох байсан ч “Михаилд бодол бий” гэдэг шиг хотынхонд, “хогны уутныхан”-д нэг бодол байсан нь санал асуулгыг цаасаар явуулах арга байжээ. Ямартай ч тэд эсэргүүцлийн голомт болж байсан интернэтийн орчинд санал асуулга явуулах нь ашиггүй хэмээн үзэж. Арга ч үгүй биз, цахим сайтуудаар урьдчилсан байдлаар явсан ногоон уутыг дэмжих эсэх бүхий л санал асуулгын үр дүн 70-аас дээш хувийн эсэргүүцэх саналтай байсан учир цаасаар санал асуух нь хогны уут тараах шийдвэрийг хэвээр үлдээх сүүлийн боломж нь энэ байсан бололтой.
Өмнө нь нийслэлээс явуулж байсан дугаарын хязгаарлалт, зөв буруу рультэй машиныг хөдөлгөөнд оролцуулах эсэх гээд судалгаа нь цахим байдлаар, интернэт, гар утасны операторуудтай хамтран явуулж байсан ч энэ удаад “сонгуулийг гараар тоолно” гэж муйхарладаг сонгуульд ялагдсан улс төрийн хүчин шиг хуучин аргыг сонгосон нь ямар учиртай юм, бүү мэд.
Ийнхүү интернэт, цахим санал хураалтаас жийрхсэн, цаасаар авсан санал хураалтын дүн гарлаа. Монголын оюутны холбооны дэргэдэх “Сор гоо” клубын 152 оюутан судлаачийг хамруулан ажиллуулж, нийслэлийн 33 мянган өрхийг хамруулсан гэх санал асуулгын дүнд иргэдийн 60 хувь нь үргэлжлүүлэн тараахыг дэмжсэн юм гэнэ. Цахим хэлбэрээр, эсвэл мессеж хэлбэрээр авсан бол арай өөр дүн гарах байсан ч байж магадгүй…