Хуулийн этгээдийн бүртгэлийг 24 цагт багтаана

Хуучирсан мэдээ: 2014.04.23-нд нийтлэгдсэн

Хуулийн этгээдийн бүртгэлийг 24 цагт багтаана

УИХ-ын гишүүн Ж.Батзандангаар ахлуулсан ажлын хэсэг Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан талаараа мэдээлэл хийлээ.  Хууль зүйн байнгын хорооны 2014 оны дөрөвдүгээр сарын тогтоолоор энэхүү ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд ажлын хэсгээс Улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихаар болжээ. Хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

Хуулийн шинэчилсэн найруулгад бүртгэлийн үйлчилгээг түргэн шуурхай болгох зорилгоор хуулийн этгээдийг бүртгүүлэхэд ажлын таван өдөр зарцуулдаг байсныг 24 цаг болгосон, хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой асуудлаар Хуулийн этгээдийн бүртгэлийн газар болон бусад  байгууллагад биеэр будаа очдог байсныг нэг удаа очдог болгох зарчмын өөрчлөлтийг оруулжээ. Мөн хуулийн этгээд салбарын яамд,агентлагт бүртгүүлдэг байсныг Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт төвлөрүүлснээр бизнес эрхэлэгчдийн хувьд ойлгомжгүй байдал, давхардлыг арилгана гэж үзэж байгаа юм байна. Мөн хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээг үнэт цаасан дээр хэвлэдэг өнөөгийн байдлыг халж, цахим хэлбэрт шилжүүлэн гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд өөрийн онлайн данснаас шууд хэвлэх боломжтой хувилбарт шилжүүлж байгааг онцоллоо. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль батлагдсанаар мэдээллийн ил тод байдал бий болж, төрийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжин иргэд, аж ахуйн нэгжид түргэн шуурхай, хүндрэлгүй үйлчилдэг болох юм.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж