Бондын зарцуулалтыг ил болгохыг шаардав

Хуучирсан мэдээ: 2014.04.23-нд нийтлэгдсэн

Бондын зарцуулалтыг ил болгохыг шаардав

“Чингис”, “Самурай” бондын зарцуулалтын талаар өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх Г.Өнөрбаяр, эдийн засагч Д.Хосбаяр нар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.  Энэ үеэр Засгийн газраас арилжаалсан 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бонд, 30 тэрбум иений “Самурай” бондын үлдэгдэл одоо хэд болсон, яг аль ажилд хэдий хэмжээгээр зарцуулсан, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлт хэд байгаа талаарх мэдээллийг олон нийтэд ил болгохыг шаардсан юм. Үүнээс гадна бондын мөнгийг төвлөрүүлсэн Хөгжлийн банкинд аудит оруулах, “Чингис” бондын зарцуулалтад хяналт тавих бодлогын зөвлөлд багтдаг хүмүүсийг ил болгох зэрэг асуудлыг шаардаж байгаа ажээ.

Эдийн засагч Д.Хосбаяр хурлын үеэр “Хөгжлийн банкнаас мэдээлэл хийдэг ч нарийн задаргааг нийтэд зарлахгүй байна. Бондын хөрөнгийг зарцуулж эхлэхдээ анхнаасаа  богино хугацаанд эргэн төлөгдөх буюу үйлдвэрлэлийн чиглэлд зарцуулах  ёстой байсан. Мөн бондын хөрөнгөөс хөнгөлөлттэй зээл авсан байгууллага, компаниудын эргэн төлөлт ямар явцтай байгааг нийтэд тодорхой мэдээлэх хэрэгтэй” гэдгийг онцоллоо.

Бондын мөнгөний зарцуулалтад ард түмний хяналтыг бүрдүүлэхийн тулд дараах шаардлагуудыг тавьжээ. Үүнд:

  1. "Чингис" бонд, "Самурай" бондын гэрээг олон нийтэд ил болгох, төрийн байгууллагуудын вэб сайтуудад байршуулах
  2. "Чингис" бондын мөнгийг ямар салбарт зарцуулах болсон талаарх Засгийн газрын тогтоолуудыг олон нийтэд ил болгох 
  3. "Чингис" бондоос мөнгө авч ажил гүйцэтгэж байгаа бүх аж ахуйн нэгжтэй хуулийн дагуу гэрээ байгуулсан. Тиймээс "Чингис" бондоос мөнгө авсан аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээг олон нийтэд ил болгох. "Чингис" бондын мөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл нэг бүрийг төсөвт өртөгтэй нь жагсааж олон нийтэд мэдээлэх 
  4. "Чингис" бондоос мөнгө авсан аж ахуйн нэгжүүдийн хэд нь мөнгөө эхнээсээ эргүүлэн төлж байгааг олон нийтэд мэдээлэх. Эргэн төлөлтийн графикийг ил тод болгох 
  5. "Чингис" бондын мөнгийг зарцуулж байгаа Хөгжлийн банкинд аудитын шалгалт оруулах
  6. "Чингис", "Самурай" бондын мөнгөний үлдэгдлийг аль банкинд хэдэн хувийн хүүтэй хадгалуулсан. Хүү нь хэд болсон, хүүгээс хүү бодох аргачлал үйлчилсэн эсэх талаарх мэдээллийг ил тод болгох
  7. "Чингис" бондын мөнгөөр гүйцэтгэсэн бүх төсөлд аудитын дүгнэлт хийж олон нийтэд мэдээлэх
  8. "Чингис" бондын зарцуулалтад хяналт тавих бодлогын зөвлөлийг байгуулсан. Энэхүү бодлогын зөвлөлийн гишүүдийн нэр албан тушаал нууц байгаа. Тиймээс бодлогын зөвлөлийн эдгээр гишүүдийн нэрсийг зарлах. Уг бодлогын зөвлөлд улс төрийн намууд, иргэний нийгмийн төлөөллийг нэмж оруулахыг шаардаж байна. 

Дээрх шаардлагуудтай санал нэгдэж байгаа хүмүүсийг нэгтгэн "Чингис", "Самурай" бондын гэрээг олон нийтэд ил тод болготол тэмцлийн хэлбэрт шилжихээ мөн мэдэгдлээ.

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж