Ж.Батзандан: Үндсэн хуулиас дээгүүр намын дүрэм байхгүй

Хуучирсан мэдээ: 2014.04.23-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан: Үндсэн хуулиас дээгүүр намын дүрэм байхгүй

УИХ дахь Ардчилсан намын  Ж.Батзандан нарын дөрвөн гишүүн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилтийг  энэ онд хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Ж.Батзандан гишүүнийг АТГ-т шалгах, дарамт шахалт ирж байгаа гэх мэдээлэл гараад байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас тодрууллаа.

-Таныг АТГ-аар шалгуулж, намын зүгээс дарамталж байгаа гэх мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?

-Нэг их дарамтлаад байгаа зүйл байхгүй. Бүлгийн хуралдааны үеэр бие биедээ хатуу ширүүн үг хэлэх бол зөндөө байдаг. Намаас хөөнө, хасна гэсэн уурласан, бухимдсан хүмүүсийн яриаг улстөрд явж байгаа хүн тоох хэрэггүй гэж би боддог. Гэхдээ улстөрчид соёлтой байх ёстой. Гэр бүл, найз нөхөд, намын нөхдөдөө хэлж болохгүй үг гэж бас байх ёстой.  Тэрийгээ манайхан бас мэдэж байгаа байлгүй дээ. Тиймээс би дарамтлуулаад, сэтгэл санаагаар унасан зүйл алга.

-Бүлгийн гишүүний хувьд намаас хөөх бүлгийн дүрмийн заалтыг мэдэж байсан уу?

-Засгийн газрыг унагах тухай асуудал яригдаагүй. "Давхар дээл"-ийг тайлах, УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг тусгаарлах тухай л ярьж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан энэ саналыг гишүүд дэмжсэн. Үүний төлөө зарим нэг сайд дарга нар уурласан. Үүнийг юман чинээ тоох хэрэггүй. УИХ-ын гишүүн бүх ард түмний эрх ашгийг дээдэлж ажиллана, бүх ард түмний элч төлөөлөгч гээд Үндсэн хуульд заасан байгаа. Үндсэн хуулиас дээгүүр байдаг намын дүрэм, журам гэж байхгүй.

-АТГ-аас шалгаж эхэллээ гэсэн мэдээлэл байна. Албан ёсоор хуулийн байгууллагаас шалгаж байна гэдгээ өөрт тань мэдэгдсэн үү?

-Тэр худлаа мэдээлэл байсан. Намын дарга, АТГ, Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад намайг шалгуулахаар хэн нэгэн хүсэлт өгөөгүй гэсэн. Хэрэв хүсэлт өгсөн бол би шалгуулъя гэдгээ хэлсэн. Ер нь би хэн нэгэн шиг  шалгуулахаас айгаад байдаг хүн биш. Надад хийсэн хулгай, хууль бус үйлдэл байхгүй учраас айх юм алга.

-Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны ирцийг  АН-ын бүлэг албаар бүрдүүлээгүй гэсэн шүүмжлэл гарсан. Та Төрийн байгуулалтын байнгын хорооны  гишүүний хувьд энэ талаар юу хэлэх вэ?

-Мэдэхгүй байна. Би өөрөө хуралдаанд оролцохоор очсон ч ирц хүрээгүй. Тиймээс хуралдааныг хойшлуулсан.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж