Сүүлийн үед олон кино үзэгчдийн хүртээл болж байгаа. Сард дунджаар 2-3 монгол кино театруудаар дамжин үзэгчдийн хүртээл болдог гэвэл жилдээ дор хаяж 36 шинэ кино бүтээгдэж байна гэсэн үг. Тэдний хэд нь үзэгчдийг жинхнээсээ байлдан дагуулдаг вэ. Хэд нь үзэгчдэд оюуны болоод сэтгэлийн таашаал өгч чаддаг бол. Хэдэн зуун саяын ашиг олсон гэх “Ларьдма”, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Тагнуулч аав”, “Анирлагч” сайн бүтээл болсондоо үзэгчдийг байлдан дагуулсан уу гэвэл, үгүй. Зүгээр л PR-аар тархи угаасан хэрэг.
Хамгийн өндөр өртгөөр бүтсэн гэх “Үргээлэг” кино үзэгчдийг “хуйлруулж” буй гэнэ. Кино театруудын орлогыг өм цөм хамж байгаа уг киног голдуу хүүхэд, залуус үзэж байгаа сурагтай. Гэхдээ яагаад 30 насныхан, 40 насныхан, тавь, жартай хүмүүс кино театрыг зорихгүй байна вэ. Яагаад гэвэл тэдэнд мөнгөө төлөөд үзэх кино байхгүй учраас. Үзээгүйдээ харамсах кино төрөхгүй байгаа болохоор тэр.
Би кино үзэх дуртай. Гэхдээ хамгийн сүүлд ямар киноноос тэгтлээ их мэдрэмж авснаа санадаггүй. Сүүлийн үеийн кинонууд нэг гараар үйлдвэрлэсэн юм шиг аллага, таллага, зодоон нүдээн, цус нулимс болсон, эсвэл жүжиглэлт, найруулгагүй, хэдэн хүний маазарсан бүтээл төдийхөн болсон. Телевизүүдээр цацаж байгаа сурталчилгааг нь харахад л тэр киног үзэх хүсэл төрөхгүй болчихно. Угтаа хүчирхийлэл, цус нулимсаар дүүрсэн киног үзсэн өсвөр насныханд ямар үлгэрлэл үзүүлэх вэ гэдгээ ч манай киночид бодох цаг болжээ. Уг нь кино зохиолчид гэж бичих гэснээ болилоо. Учир нь, сүүлийн үеийн зарим киноны зохиолыг жүжигчид нь өөсрдөө бичсэн ч гэх шиг яриа сонсогдсон.
Нийгэм өөрөө муухай байж болно. Харин кино урлаг муухай байх албагүй. Тэртээ тэргүй хямралтай, гэр бүлийн далд хүчирхийлэл газар авч, өдөр болгон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байгаа хар бараан мэдээллүүдтэй зэрэгцээд театруудад гарч байгаа хүчирхийллээр дүүрчихсэн киног үзэж тархи “бузарлах” шаардлагагүй шүү дээ. Урлаг бүхнээс түрүүнд явах ёстой гэж манай урлагийнхан ярьдаг. Бүх урлаг дотроос хамгийн чухал нь кино урлаг гэвэл Монголд “үйлдвэрлэгдэж” байгаа кинонууд энэ мөн чанарт зохицож чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Чухамдаа бол сүүлийн үеийн кинонуудыг харахад үзэгчдэд хэр таашаал өгөх вэ гэдгээс илүү яаж мөнгө олох вэ гэдгээ нэгдүгээрт тавьж байна. Кино бол мөнгө олох хэрэгсэл мөн. Яах аргагүй үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Манай урлагийнхны, жүжигчдийн мөнгө олох хэрэгсэл нь кино болсныг буруутгах аргагүй. Гэхдээ үүнийг бизнесийн нэг салбар болтол өргөжүүлэх нь зөв биш үү. “Экспортын бүтээгдэхүүн” болтол солонгосчууд шиг хөгжүүлж чадахгүй юм аа гэхэд телевизүүд хошуураад худалдаж авахын тулд мөнгө цацах хэмжээний бүтээл төрүүлэх ёстой байх. Түүнээс хэдэн хоног кино театруудаар цацсаны дараа өөрсдөө телевизүүдээр гуйж киногоо гаргах нь ямар хэрэг байх вэ дээ. Нөгөөтэйгүүр сүүлийн үеийн монгол киноны жүжиглэлт авах юмгүй болсон. Гудамжны алиалагчид эсвэл захын нэгэн миссийн “наль шаль” гэсэн дуутай, ямар ч жүжиглэлтгүй, хараал зүхлээр дүүрсэн киног үзээд таашаал авахаасаа илүү бухимдах нь олон. Тийм учраас л ядаж л жүжигчдийнхээ ур чадвар, киноны найруулга, хөгжмийн сонголт бүхнийг бодолцохгүйгээр мөнгө, мөнгө гэж улайраад байх аваас монгол киног үзэх үзэгч олдохгүй л болов уу даа.