Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөлд нийт 28 төрлийн арга хэмжээ авахаар төлөвлөгдөөд байна. Үүнд:
-Тавантолгойн ордын олборлолт, борлуулалтын үйл ажиллагаанд стратегийн хөрөнгө оруулагч гадаадын компаниудын оролцоог хангах, нүүрсний нийлүүлэлтийн урт хугацааны гэрээ байгуулах замаар эрчимжүүлж, борлуулалтын орлогын тодорхой хэсгээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, уурхайн дэд бүтцийг хөгжүүлэхэд зарцуулах санхүүжилт, даатгалын механизм бүрдүүлэх.
-Хөрш хоёр оронтойгоо эдийн засгийн хамтын ажиллагаагаа шинэ түвшинд хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 5 шугам буюу ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр зам, авто зам, нефть, байгалийн хий, эрчим хүчний дэд бүтцийн урсгал бий болгох ажлыг эрчимжүүлэх.
-Гадаад, дотоодын аялал жуулчлалыг хөхиүлэн дэмжих, аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулж, тус салбарын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор бусад улсуудын чөлөөт бүс, амралт зугаалгын төвүүдийн зарим үйлчилгээг хязгаарлагдмал хүрээнд нэвтрүүлэх чиглэлээр хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх зэрэг нийт 28 арга хэмжээ авахаар тусгасан юм.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар тус тогтоолын төсөлд туссан зарим заалт агуулгын хувьд буруу гэж шүүмжиллээ. Учир нь нүүрсний үнэ уначихсан байгаа үед урт хугацааны гэрээ байгуулах нь Монголд ашиггүй тусна. Тийм учраас үүнийг өөрчлөх ёстой гэлээ.
Уул уурхайн сайдын тайлбараар бол үнэ хэд байхыг тогтоохгүй, гол нь урт хугацаанд нүүрсээ нийлүүлэх нь хамгийн чухал. Тоо хэмжээгээ тохирч авах нь хамгийн чухал гэх хариулт өглөө.
Түүнчлэн хэлэлцүүлгийн үеэр гишүүд төмөр замтай холбоотой асуудлыг хөндөж, ажил нь урагшлахгүй байгаад хариулт өгөхийг хүссэн юм.
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр "Төмөр зам барихад зориулж Чингис бондоос 450 сая ам.доллар гаргасан, газар шорооны ажил нь хийгдэж байгаа гэдэг. Ер нь өнөөөдөр эдийн засаг хүнд байгаа нь экспортод гаргах уул уурхайн бүтээгдэхүүнээ тээвэрлэх төмөр замаа барьж чадаагүйтэй холбоотой" гэлээ.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг "Нүүрсээ авто машинаар тээвэрлэхээр зардал нь 25 ам.доллар төмөр замаа барьчихвал зардал буурч 15 ам.долларын хэмнэлт гарна" гэсэн хариулт өгсөн юм.
Мөн энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд эдийн засаг хүндэрсэн үед авах арга хэмжээ нь тодорхойгүй, яг юу хийх нь мэдэгдэхгүй ерөнхий агуулгатай байна гэж шүүмжилсэн юм.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Өргөн хэрэглээний бараа үнэ хоёр жилийн дотор 40 гаруй хувиар өсч, худалдан авах чадвар мөн хэмжээгээр уналаа. Гадаадын зээлжих зэрэглээ -В болж, Монголд хөрөнгө оруулах нь эрсдэлтэй гэсэн ойлголтыг дэлхий дахинд өгч эхэллээ. МАН Засгийн газрыг удирдаж байхдаа Оюутолгойд 7 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийлгүүлж байсан. Одоо яагаад хөрөнгө оруулалт зогсчихсон, бүх зүйл Рио Тинтогоос хамаарах болчих вэ. Хувийн хэвшил эрсдлээ үүрээд 500 сая ам.доллараар төмөр зам тавих гэж байхад болиулчихаад одоо болохоор 700 сая ам.доллараар төмөр зам барих тухай яриад сууж байна. Яагаад ийм байдал үүсчих вэ үүнд хариулт авмаар байна" гэв. Гэвч Байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар энэ бүх асуултад сайд нар өмнө нь хариулт өгчихсөн, асуулт давхацсан гэж хэлээд хуралдааныг түр завсарлуулсан юм.