Фото: Roslan Rahman / AFP
Хятадын “Shandong Airlines” авиакомпани Америкийн нисэхийн үйлдвэрлэгч “Boeing” корпорацид 50 ширхэг B-737 онгоц захиалжээ. Гэрээний дүн 4,6 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Одоо Хятадын Засгийн газар энэ худалдан авалтыг зөвшөөрсөн шийдвэр гаргах учиртай гэнэ.
Хэрэв наймаа бүтэмжтэй болбол “Boeing” компанийн хувьд том амжилт болно. Хятадын том зах зээлийн төлөө “Boeing”-оос гадна Европын “Airbus” болон дотоодын “Comac” компаниуд өрсөлдөж байгаа юм. Нэн ялангуяа 100-200 хүний суудалтай нарийн их биетэй онгоцны сегментэд өрсөлдөөн ширүүн байгаа.
Хятадын компаниуд 150 ширхэг “Airbus” онгоцыг 20 тэрбум ам.доллараар авах гэрээ хийж байгаа тухай өмнө мэдээлж байсан. Үүний зэрэгцээ “Airbus” Хятадын нутагт хоёр дахь үйлдвэрээ нээхээр шамдаж байна.
Хятадын зах зээл нь дэлхийд хамгийн ирээдүйтэй гэгдэх бөгөөд тус улсын нисэхийн компаниуд дотоодын нислэгт бага хэмжээний, хэмнэлттэй онгоц авах сонирхолтой байгаа аж.