Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгчдийн дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг бөгөөд маргаанаа шүүхээр таслуулахаар хандахад Эвлэрлийн хугацаа өгдөг гэнэ. Эвлэрлийн хугацаа нь гурван сар байдаг. Гэтэл гурван жилийн турш эхнэрээ зодсон нөхөр гурван сарын хугацаанд ухаажиж дахин гар хүрэхгүй гэх батлагаагүй байгаа нь Эвлэрлийн хугацаа гэх заалтыг хуулиас хасах шаардлагатайг харуулж байна гэж УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хэллээ. Мөн тэрээр гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа эмэгтэйчүүдийн олонхи нь санхүүгийн хувьд цаад хүнээсээ хамааралтай байдаг. Гомдол гаргах нөхцөлд тэмдэгтийн хураамж болгож 70200 төгрөг төлөх болдог нь эргээд хүндрэл учруулж байна. Тиймээс хураамжийг цуцлах. Хүчирхийлэлд өртсөн эмэгтэй гомдол гаргахаар шүүх нотлохыг шаарддаг. Гэтэл зодуулж байгаа эмэгтэй түүнийгээ гэрэл зургийн аппаратаар буулгах юм уу, дүрсжүүлж баримтжуулах бололцоо үгүй.
Түүнчлэн эхнэр, нөхрүүд салаад зургаан жил болж гэр бүлээ салгуулахаар эмэгтэй нь шүүхэд хандахаар “Нөхрөө олж ир” гэж хүндрэл учруулдаг. Гомдлыг нь хэлэлцэж байх шатанд шүүгч “Эмэгтэй чамаас болсон юм биш үү” гэж сэтгэл зүйн дарамт учруулдаг. Салах болоход хөрөнгө мөнгөтэй эрэгтэй нь “Би илүү амьдралын баталгаатай” гэж хэлж хүүхдийг ээжээс нь салгадаг. Энэ нь ээжид маш том дарамт учруулдаг байна. Тиймээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийг боловсруулах шатанд энэ бүх сөрөг үзэгдлийг хаах заалт тусгах ёстой гэж хэлэв.
Төсөл боловсруулагчдын тайлбарласнаар дээр дурдсан тэмдэгтийн хураамжийг 0 болгож байгаагийн зэрэгцээ шүүгч хохирогчид сэтгэл зүйн дарамт учруулахгүй байхыг Шүүгчийн ёс зүйн дүрмээр хязгаарлаж өгсөн болохыг энэ үеэр хэллээ.
Харин Эвлэрүүлэн зуучлах хугацааны тухайд, Монгол Улсад Эвлэрүүлэн зуучлах тухай хууль хэрэгжиж эхэлснээр энэ асуудал хүчтэй яригдах болж ач холбогдол өгөх болсон. Гэхдээ гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн төсөлд эвлэрэх хугацааг байхгүй болгосон юм байна.