
Гэвч өнөөдөр хуралдсан Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү мөн л “Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг хэлэлцүүлсэнгүй” хэмээн угаасаа хэлэлцэх асуудлын хуваарьт ороогүй асуудлаар дахин маргаан дэгдээжээ. Харин энэ үеэр Х.Тэмүүжин гишүүн биеэ барьж тэсэлгүй “Чи үүнээс хойш өөрийгөө хуульч, өмгөөлөгч гэж битгий яриарай. Өөрийнхөө өчүүхэн жижиг ашиг сонирхлын төлөө бусдын нэр төрийг юман чинээ тоохгүй уландаа гишгэж явдаг чам шиг юм хуульчийн нэр барихгүй шүү. Цагдаагийнхан чамд тийм үнэтэй сайхан мэдээлэл өгчихсөн гэж бодож байна уу. Харин чи үүгээрээ хүн гүтгэсэн гэмт хэргийн хамтрагч л болно шүү” хэмээн сүрдүүлсэн байна.
Х.Тэмүүжин сайдын хувьд прокурорын байгууллагад, нэгдүгээрт цагдаагийн байгууллагын нэрийн өмнөөс хууль зөрчиж гүйцэтгэх ажил явуулсан, хоёрдугаарт тэнд авагдсан, эсвэл зохиосон байж болох мэдээллийг ашиглан бусдыг гүтгэсэн гэдэг гомдол гаргаад байгаа билээ. Хэрвээ энэ нь нотогдох юм бол нэлээн хэдэн хүн гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн, санаатайгаар бусдыг гүтгэсэн хэргээр эрүүгийн ял зэмд унах болно гэсэн үг. О.Баасанхүү гишүүний хувьд эдгээр гэмт хэргийн “хам хэрэгтэн” болчихгүйн тулд одооноос хэлэх үгээ бодож явах цаг ирсэн бололтой.