Хуучирсан мэдээ: 2014.04.22-нд нийтлэгдсэн

-Бизнесийн байгууллагад татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөөс илүү жигд эрх олгох хэрэгтэй-

Бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүд татварын хууль эрх зүйн орчны шинэчлэлтэй холбоотойгоор санал хүсэлтээ Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд гаргаж, бодлого боловсруулагчдад дамжуулж өгөхийг хүсчээ.

Татварын тогтолцооны шинэчлэлийг бизнесийн байгууллагууд хүлээгээд удаж байгаа бөгөөд УИХ-ын хаврын чуулган эхэлсэнтэй холбоотойгоор энэ асуудлыг яаралтай шийдэж өгөхийг ийнхүү хүсч байгаа ажээ. Тухайлбал,

-Төр оршихуй дор татвар орших гэсэн хуучинсаг үзлийг мөрдөх бус харин “Татвар төлөгчид оршин байгаа учир төр оршин байгаа” гэсэн ухаалаг төрийн үзэл номлолд тулгуурлан энэ өөрчлөлтийг хийх,

-Орлогын хуваарилалт тэгш бус, татварын бодлого зах зээлийн гажуудлыг засах бус харин ч улам гажуудуулахад нөлөөлж, амьдрах, ажиллах чадварт сөргөөр нөлөөлөхүйц татвар хураамжийг элдэв арга, механизмаар авдагийг болиулах,

-Татвартай холбоотой аливаа зохицуулалт, чөлөөлөлт, журмыг багасгаж, далд эдийн засгийг хумих хэрэгтэй. Үүний оронд бизнесийнхэнд ижил тэнцүү нөхцөл бий болгож, шударгаар өрсөлдөх боломжийг жигд өгөх,

-Нэмэгдсэн өртгийн албан татварын хувьд босгыг арилгаж, бүгд жигд төлдөг болгох шаардлагатай байна. НӨАТ-ын ийм энгийн, хялбаршуулсан хэлбэрт шилжих, босгыг үгүй болгосноор татварын бааз суурь өргөжиж, татварын орлого нэмэгдэхийн зэрэгцээ элдэв хүндрэл, дарамтыг арилгана.

-Хүн амын орлогын албан татвар нь иргэдийн амжиргааг дээшлүүлэхэд сөрөг нөлөө үзүүлж байгаа учраас хувь хэмжээг бууруулан таван хувь болгох хэрэгтэй гэдгийг Татварын хууль эрх зүйн орчинд тусгаж өгөх саналыг тус тус гаргасан байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж