Малынхаа ашиг шимээр хямралаас гарах боломж байгааг онцоллоо

Хуучирсан мэдээ: 2014.04.22-нд нийтлэгдсэн

Малынхаа ашиг шимээр хямралаас гарах боломж байгааг онцоллоо

Монгол Улсад Аж үйлдвэрийн комбинат  үүсч  байгуулагдсаны 80 жилийн ой энэ онд тохиож байгаа тул УИХ-ын гишүүн Я.Содбаатар, МАН-ын Дотоод асуудал, хамтын ажиллагаа, төрийн бус байгууллага хариуцсан нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, газрын дарга А.Ариунзаяа нар “Гутал, арьс шир, ноосны үйлдвэрийн инженер техникч ажилтны холбоо”-ны зөвлөх, төрийн шагналт  О.Рагчаа, “Гутал, арьс шир, ноосны үйлдвэрийн инженер техникч ажилтны холбоо”-ТББ-ын тэргүүн Ю.Шагдарсүрэн, гүйцэтгэх захирал С. Шарав, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ц.Рэнцэнханд нартай уулзлаа.

Монгол Улсын томоохон бүтээн байгуулалтад тооцогддог Оюутолгой оргил үедээ 17 мянга орчим ажлын байрыг бий болгож байсан бол аж үйлдвэрийн салбар нь цагтаа 20 мянган хүнийг жилийн дөрвөн улиралд ажилтай орлоготой байлгаж чаджээ. Гэтэл 1990 оноос хувьчлал явагдсанаар энэ салбар уналтад орж, өдгөө боловсон хүчний асуудал ч хурцаар тавигдах болсон байна.

Үүнээс болж, арьс ширээ түүхийгээр нь урд хөрш рүү экспортлоод боловсруулсаных нь дараа буцаагаад импортлодог буруу жишиг тогтжээ. Тиймээс энэ байдлыг засах, салбарыг дэмжихэд ямар арга хэмжээ авбал зохистой талаар санаа оноо сонсоход дээрх уулзалтын зорилго оршжээ.

Аж үйлдвэрийн комбинатын ажлын гараа 1934 оны гуравдугаар сарын 26-ны өдөр эхэлсэн байна. Тухайн үед Аж үйлдвэрийн комбинат нь дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, гадаадын улс орнуудад бараа бүтээгдэхүүнээ гаргаж байсан аж үйлдвэрийн томоохон цогцолбор байжээ. Тодруулбал, улсын нийт төсвийн 10 хувийг дангаараа бүрдүүлдэг, эх орныхоо экспортын бараа бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан, гадаад, дотоодод мэргэшүүлэн сургасан 20000 орчим ажилтан, ажилчидтай тэднийхээ нийгмийн асуудлыг бүрэн шийдвэрлэснээрээ түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

Улс ардын аж ахуй соёлыг хөгжүүлэх 1948-1990 онуудад өрнөсөн 8 таван жилийн хугацаанд  торгон савхи, хивсээрээ олон улсын үзэсгэлэн яармагаас алт мөнгөн медаль хүртэж байсан аж.

Гэвч 1990 оноос хойшхи хугацаанд 60 жилийн түүхэнд хийсэн бүтээснээ ягаан цэнхэр тасалбараар үнэгүйдүүлэн устгажээ. 1992 он хүртэл ихээхэн уналттай байсан ноолуур боловсруулах үйлдвэрлэл П.Жасрайн Засгийн газрын үед сэргэн, өндөр хурдацтай хөгжсөн нь тухайн засгийн газраас гаргасан 63 дугаар тогтоолын үр дүн байсан тухай энэ үеэр холбооныхон онцоллоо. Харин 1996 онд М.Энхсайханы Засгийн газар уг тогтоолыг хүчингүй болгосноор аж үйлдвэрлэлийн салбарт бууралт иржээ. Улмаар 2003 он гэхэд арьс ширний үйлдвэрлэл  нэг хувь болтлоо унасан байна. Гэхдээ ноос ноолуур боловсруулах үйлдвэрлэл 2011 онд 2008 оноос буцаж сэргэсэн юм байна.

Холбооны зүгээс “40 гаруй сая малтай манай орны хувьд  мал аж ахуйн түүхий эдэд боловсруулалт хийх үйлдвэрүүдийг олноор байгуулах, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх ажлыг дахин эхлүүлэх. Малын үүлдэр угсааг сайжруулах, дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц төвшинд хүрэхүйц тоног төхөөрөмж техник хэрэгслээр хангах бодлого дутаж байна. Төрийн зүгээс хөнгөн аж үйлдвэрийн салбарыг дэмжих талаар дорвитой арга хэмжээ авч чадвал эдийн засгийн хямралтай, түүнээс гарах гарцыг хайж буй энэ үед зөвхөн уул уурхайг шүтэн амьдрах бус малынхаа ашиг шимийг хүртэн эдийн засгийн өсөлтийг хангах өндөр боломж байгаа” гэж тодотголоо.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж