Монголын олс таталтын спортын холбооны 2014 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй 10 баг тойргоор өрсөлдөж аваргаа тодруулсан юм. Орон нутгаас Дархан-Уул аймаг дахь Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн баг “Алдар” спорт хороог төлөөлж анх удаа улсын аваргад оролцжээ. Тус багийн хувьд Армийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож улсын аваргад оролцох эрхээ авсан байна. Мөн хүчний байгууллагуудын дунд болдог тэмцээнд түрүүлсэн баг энэ жилийн улсын аваргад “Хүч” спорт хороог төлөөлсөн юм. Хэдийгээр хүчний байгууллагуудын спорт хороог татан буулгасан ч цагдаагийнхан ЦЕГ-ын харъяа алба, хэлтсүүдийн дунд тэмцээн зохион байгуулан сонгон шалгаруулалт хийж, шилдгийг нь улсын аваргад өрсөлдүүлсэн нь энэ. Үүнээс гадна Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг болон “Хаан” даатгал, “Монгол” даатгал, “Аварга” биеийн тамирын дээд сургуулийнхан улсын аваргад өрсөлдлөө. Энэ жилийн тэмцээнд цөөхөн баг оролцож байгаа ч харьцангуй чанартай болсныг зохион байгуулагчид онцолсон юм. Ирэх зургадугаар сард манай улсад анх удаа олс таталтын Азийн аварга шалгаруулах тэмцээн болно. Уг тэмцээний өмнөх хамгийн том сорил болсон улсын аваргаас шилдгүүдийг нь сонгон шалгаруулж эх орноо төлөөлөх шигшээ багийг бүрдүүлэх юм. Энэ бол улсын аварга шалгаруулах тэмцээний гол онцлог байлаа. Тэмцээнд эрэгтэйчүүдээс “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн баг түрүүлж, “Монгол даатгал”, “Алдар” спорт хорооны баг удаалав. Харин эмэгтэйчүүдийн ангилалд “Аварга”-ынхан алтан медалиар энгэрээ мялаасан бол “Хаан” даатгал, Хан-Уул дүүргийн баг мөнгө, хүрэл медалийн эзэн болсон юм. “Аварга” дээд сургуулийн багийн хувьд насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 11 дэх удаагаа түрүүлсэн нь энэ.
Тэмцээний үеэр олс таталтын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, улсын начин Б.Адъяахүүтэй цөөн хором ярилцлаа.
-Олс таталтын насанд хүрэгчдийн улсын аварга боллоо. Энэ жилийн тэмцээний гол онцлог нь юу юм бол?
-Олс таталтын улсын аваргыг энэ жил 12 дахь удаагаа зохион байгууллаа. Үүнээс гадна хамгийн гол онцлог нь Азийн аваргыг манай улс анх удаа зохион байгуулах гэж байна. Үүнээс өмнө бид тэмцээнээ явуулж, оролцогчдоос шилдгийг нь сонгон шалгаруулах шигшээ багаа бүрдүүлэх ёстой.
-Тамирчдын бэлтгэл, ур чадвар хэр байна вэ?
-Монголын олс таталтын спортын холбоо хэдхэн сарын өмнө Тайвань улсаас дасгалжуулагч урьж авчирч ажиллуулсан байгаа. Үүнтэй холбоотойгоор тамирчдын техник, ур чадвар харьцангуй дээшилсэн болохыг тэмцээний явцаас харж болохоор байна.
-Нэлээд цөөхөн баг оролцож байна. Энэ тал дээр юу хэлэх вэ?
-Арван багийн 110 гаруй тамирчин оролцож байна. Гэхдээ цөөхөн ч гэсэн чанартай тэмцээн боллоо. “Алдар” спорт хороо л гэхэд саяхан 30 орчим баг оролцуулсан Армийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулсан. Тэндээс түрүүлсэн нь улсын аваргад өрсөлдөж байна. Хүчний байгууллагуудын аваргаар тодорсон хуучнаар Хэв журмын ерөнхий газрын баг оролцлоо. Энэ нь тэмцээнийг улам өрсөлдөөнтэй болгосон юм болов уу.
-Олс таталтын шигшээ баг Азийн аваргад бэлтгэлдээ гарсан уу?
-Ерөнхийдөө манай баг тамирчид тивийн аваргын бэлтгэлд эрт орсон. Гэхдээ улсын аваргаас медаль хүртсэн багийн тамирчдаас нэмж сонгон шалгаруулалт хийж шигшээг дахин бүрдүүлнэ.
-Олс татагчид энэ жил Азийн аваргаас өөр ямар тэмцээнд оролцох вэ?
-Ямартай ч төлөвлөгөөний дагуу эхний ээлжинд тивийн аваргадаа өрсөлдөхөөр бэлтгэж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Б.МӨНХЗУЛ