Манай улсын хувьд ногоон байгууламжийг зөвхөн нийслэл хотын асуудал мэтээр ойлгогддог цаг үе өнгөрч аймаг, орон нутагт хот суурин газрын төлөвлөлттэй уялдсан цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг мэргэжлийн түвшинд гүйцэтгэх шаардлага тулгарч байгаа. Жишээ нь, жил бүр зохион байгуулдаг бүх нийтээр мод тарих өдрөөр иргэд, аж ахуйн нэгжийн оролцоотой тарьсан мод, бутыг арчлах, хамгаалах зардалгүйгээс устаж үгүй болсоор өнөөдөр хийсэн ажлын үр дүн тухайн жилдээ л үгүй болдог уламжлалтай боллоо. Өөрөөр хэлбэл “субботник”-ийн зарчмаар цэцэрлэгжүүлэлт хийдэг арга барилыг өөрчилж төрийн болон сайн дурын хандивын хөрөнгийг үр дүнтэй зарцуулах шаардлагатайг цэцэрлэгжүүлэгчид хэлж байна.
Цэцэрлэгжүүлэгчид зөвлөлдөнө
БОНХЯ “Монголын Цэцэрлэгжүүлэгчдийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо” ТББ-тай хамтран ирэх пүрэв гаригт “Цэцэрлэгжүүлэгчдийн улсын анхдугаар зөвлөгөөн”-ийг зохион байгуулах гэж байна. Монгол Улсын хүн амын болон үйлдвэр, аж ахуйн газруудын төвлөрөл ихэссэнээс нийслэлийн ногоон байгууламж, экологийн үнэ цэнэ буурч, төрөөс баримтлах тодорхой бодлогогүйгээс цэцэрлэгжүүлэх ажил үр дүнгүй болсоор байна. Улмаар нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээг 20м2 болгон нэмэгдүүлэх зэрэг тодорхой зорилтуудыг УИХ-ын Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны хөтөлбөрт тусгасан байдаг. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн аймаг бүрт цэцэрлэгт хүрээлэн байгуулах, бүх нийтээр мод тарих үйл ажиллагааг зохион байгуулах тухай зарлигууд бий.
Д.ЦЭЭНЭ