“Регбийн спортыг хөгжүүлэхээр зүтгэж явна”

Хуучирсан мэдээ: 2014.04.22-нд нийтлэгдсэн

“Регбийн спортыг хөгжүүлэхээр зүтгэж явна”

Улсын начин, гавьяат дасгалжуулагч, доктор Г.Пүрэв-Очиртой ярилцлаа.

-Гавьяаны амралтаа авснаас хойш та нам гүмхэн байна. Хаагуур, юу хийж байгааг тань сонирхож болох уу?

-Сүүлийн хэдэн жил Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа “Сүлд” спорт хороонд ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан. Тэгээд удаагүй байтал регбигийн холбооноос хамтарч ажиллах санал тавьсны дагуу энэхүү спортыг хөгжүүлэхийн төлөө хэсэг залуустай ажиллаж байна даа. Миний хувьд регбигийн холбооны дэд ерөнхийлөгчийн алба хашиж байгаа. Үүнээс гадна 2005 оны наадмаар Монголд амьдарч байгаа буриадуудын дунд анхны буриад бөхийн тэмцээнийг зохион байгуулсан. Буриад бөхийг улам хөгжүүлж, дэлгэрүүлэхийн тулд Биеийн тамир, спортын хороог толгойлж байх үедээ Оросын Буриадын спортын хороотой хамтарч олон үндэстний наадмыг зохион байгуулсан. Түүнд нь буриад бөхийн барилдааныг оролцууллаа. Түүний дараа 2006 онд “Алтаргана” наадмын хөтөлбөрт буриад бөхийг оруулсан юм. Ингэхдээ буриад бөхийг гурван жингийн ялгаатайгаар зохион байгуулж байв. +75, -75, 63 кг-ын жинд тэмцээнийг явуулсан. Ийм жингийн ангиллыг бий болгосон нь агуу их Итгэлт хамбатай холбоотой. Үүнээс хойш хоёр жил тутамд болдог “Алтаргана” наадамд буриад бөхийг барилдуулж, хөгжүүлж байна. Энэ жилийн хувьд Хэнтий аймгийн Дадал суманд “Алтаргана” наадмыг зохион байгуулах Засгийн газрын шийдвэр гарч, хороог нь байгуулан ажиллаж байгаа. Үүний хүрээнд буриад бөхийн тэмцээн насанд хүрэгчид, залуучууд гэсэн хоёр насны ангилалд болно. Оролцогчид буриад хувцас өмсч барилдана. Энэ нь буриадуудын өв соёлыг хүндэтгэж байгаа нэг хэлбэр юм. Мөн барга барилдаан буюу толиот, үзэмчин барилдаан буюу зангиат бөхийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулаад явж байна даа. Тэгээд Дорнод аймгийн  ССАЖГ, Боловсролын газар хамтран шийдвэрээ гаргаж “Дорнод-Монголын бөхийн сурвалж” нэртэй арга хэмжээ гурав дахь удаагаа болох гэж байна. Буриад, бараг, үзэмчин барилдааныг нийлүүлээд шүү дээ. Иймд Дорнод аймгийн бүх сургуульд энэхүү цуврал арга хэмжээг зохион байгуулах юм. Бөхийн өв соёлыг сэргээн хөгжүүлэх нь ССАЖЯ-ны зорилго, алсын хараатай тохирч байна. Тиймээс тус яамны удирдлагууд анхаарал хандуулж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа уламжлахыг хүссэн юм.

-Регбигийн холбооны дэд ерөнхийлөгч болсон гэлээ. Энэ тухай товч мэдээлэл өгөх үү?

-2003 онд энэ холбоог миний шавь нарын нэг улсын гарьд Ц.Цэрэнпунцаг санаачлан байгуулж байсан юм. Энэ спорт 2016 оны олимпийн хөтөлбөрт багтсан гэдгийг мэдсэн байх. Монгол хүний бие бялдарт тохирсон спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг хүсэв. Залуучууд надад санал тавьсан, би чадлаараа л тусалъя. Анхны чөлөөт, самбо, жүдогийн шигшээгийн тамирчид сагсан бөмбөг тоглохдоо регбигийн дүрмийг ашиглаж байжээ. Тухайн үед бөхчүүд сагс тоглохдоо яг дүрмээр нь биш зөвхөн бөмбөгний төлөө барилдаан хийж бэлтгэл сургуулилтаа хангадаг байлаа. Тэгэхээр регби гэдэг зууван бөмбөгийг булаацалдаж гоол оруулсан байгаа спорт нь 1823 онд Англид үүссэн түүхтэй. Дөрвөн жилд нэг удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болдог. Өндөр хөгжилтэй оронд илүү оролцдог юм билээ. Би бодохдоо регбиг бөмбөгний төлөөх барилдаан гэж ойлгож болохоор байна. Тиймээс энэ спортыг Монголд хөгжүүлбэл амжилт үзүүлэх магадлал өндөр учраас холбогдох яамныхан дэмжих хэрэгтэй. Дэмжээсэй гэж хүсч байна. Олимпийн төрөлд долоо, мэргэжилд 10 хүнтэй тоглодог энэ спорт монгол хүнд яг тохирно. Манай регбичдийн хувьд Инчеонд болох Азийн наадамд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байгаа. Мөн Азийн лигт багтаж өрсөлдөх зорилго тавьсан юм. Хэрэв бид Инчеоны наадамд V байр эзэлбэл 2016 оны Риогийн олимпод оролцох магадлал өндөр. Ийм учраас төр засаг, спортод элэгтэй байгууллагууд бидэнд хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна. Манай улсаас гадны лигт хоёр, гурван тамирчин тоглодог. Бас өнгөрсөн жил олон улсын тэмцээнийг анх удаа эх орондоо зохион байгуулсныг спорт сонирхогчид мэдэж байгаа байх. Ер нь монголчууд авьяастай учраас ямар ч спортын төрөл манай улсад хөгжих бүрэн боломжтой юм.

-Бөхчүүдтэй хэр ойр ажиллаж байна вэ. Ялангуяа нутгийнхаа бөхчүүдтэй?

-2007 онд “Сүлд” спорт хороог анх удаа байгуулж байлаа. Анх байгуулахдаа найман тамирчны орон тоотой. Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, З.Энхзориг тэргүүтэй шилдэг боксчид анх манай спорт хорооны тамирчин байсан юм. Гэвч одоо спорт хороог татан буулгасан. Хүчний байгууллагуудыг спорт хороог нэгтгэх юм гэсэн. Одоо бол Дорнод аймгийнхаа бөхчүүдийн бэлтгэл сургуулилтад хушуу нэмэрлэж байна даа. Ерөнхийд нь улсын начин Цогзолдорж, Гансүх нар удирдаж, би зөвлөж байгаа юм. Ер нь өөрийн биеэр мэхээ үзүүлж чадахгүй л бол дасгалжуулагч байх хэрэггүй. Тиймээс би хуруу биш хушуу нэмэрлэдэг болжээ.

-Хүчний байгууллагуудын спорт хороог татан буулгасныг та хувьдаа юу гэж боддог вэ. Хэр зөв шийдвэр юм бол?

-Би буруу л гэж боддог. Байгуулахад хэцүү, тараахад амархан шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж