ГССҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж асан Ц.Энхбаярыг дахин томилгоонд оролцож буй, түүнд зориулж сонгон шалгаруулалтын босгыг багасгаж “доктороос дээш зэрэгтэй байх” гэх шалгуурыг бууруулсан гэнэ. Мэргэжлээс шалтгаалан нарийн мэдлэг, боловсрол энэ байгууллагад хэрэгтэй ч удирлага нь заавал доктор байх шаардлагагүй. Учир нь эмнэлгийн дарга зөв менежментийн бодлого барьж, өвчтөндөө шуурхай үйлчилгээ үзүүлэх эмч, сувилагчдыг ажиллах нөхцөл байдлыг сайжруулах ёстой болохоос эмч хүрэлцэхгүй үед хагалгаа хийх нөөц эмч биш.
Чухам эмч нар яагаад ийм алхам шийж, удирдлагуудаа, бүр сайдаа эсэргүүцэх болов гэдгийг жаахан эргэцүүлээд, өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлыг хамтдаа хараад үзье л дээ.
2013 оны аравдугаар сарын 25-нд АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Б.Бат-Отгон “Иргэдээс ирсэн гомдлын дагуу ГССҮТ-ийн үйл ажиллагааг шалгасан. Шалгалтаар эмч нар 90 гаруй төрлийн төлбөрийг ямар ч зохицуулалтгүй авч байгаа нь илэрсэн. Эмч нар амандаа орсон мөнгөө авч байсан” талаар мэдэгджээ. Эмч нарын энэ үйлдэлд нь Мэргэжлийн хяналтынхан цалингаас нь торгох шийдвэр гаргасан байх юм. ГССҮТ нь БНСУ-ын “Хьюндэ” нэгдсэн эмнэлгийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ нэрийн дор Өмнөд Солонгосоос тусламж нэрийн дор эмч авчирч, хиймэл үе, эмнэлгийн хэрэгслийг улсын хилээр оруулах импортын лиценз хуйвалдан авч, эмчилгээ үйлчилгээнд хэрэглэхдээ үйлчлүүлэгчдээс бэлнээр төлбөр авч байсан нь ч тогтоогдсон.
Нэг ёсондоо улсын эмнэлгийг хувийн аятай мөнгө олох бизнесээ болгочихсон байсныг илрүүлсэн гэсэн үг. Хүний өвчин зовлонг тангараг өргөсөн цагаан халаадтангууд мөнгө олох хэрэгсэл болгоод шүү дээ. Ц.Энхбаяр ч томилогдсон даруйдаа энэ бүхнийг илээр илчилж, олон дэлгэсэн нь эргээд өөрийг нь ороох гол үндэслэл болсон юм.
Хууль бусаар олж байсан мөнгийг нь үгүй болгоод, дээр нь ял ч авч мэдэхээр нөхцөл байдалд оруулсан даргаа эмч нар эсэргүүцэх нь гарцаагүй. Ердөө л ийм шалтгаанаар эмч нар суулт хийж, улстөржих болсон хэрэг. Эмч нарын захидалдаа дурдсанчилан “Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ?” гэдэг нь үнэн.
Үүгээр Ц.Энхбаярыг өмөөрөх гэсэнгүй. Ц.Энхбаярын хувьд доктороос дээш зэрэг цолтой байх гэсэн шалгуур хангаагүй тул Эрүүл мэндийн сайд Н.Удвалын тушаалаар ажлаасаа халагдсан. Түүний оронд өмнө нь Хавдар судлалын төвийн даргаар ажиллаж байсан А.Мөнхтайваныг томилсон юм. А.Мөнхтайванд ажлыг нь албан ёсоор хүлээлгэн өгөхөөр Эрүүл мэндийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга С.Төгсдэлгэр тэргүүтэй албаны хүмүүс ГССҮТ-д очсон ч Ц.Энхбаяр Эрүүл мэндийн сайдын ажлаас халах тушаалыг хууль бус гэж үзэн ажлаа хүлээлгэн өгөхөөс татгалзсан алга болсон. Мэдээж энэ бас л түүний буруутай үйлдэл. Хааны алба халаатай эзний алба ээлжтэй гэгчээр энэ эмнэлэг түүний хувийн өмч биш. Тиймээс ажлаа хүлээлгэж өгөөд эрх нь зөрчигдсөн бол шүүхэд гомдол гаргах эрх нь бий шүү дээ.
Ингэж л энэ эмнэлгийг дарга, эмч нар хувийн аятай аяглаж байна. Үнэндээ өвчтнүүдийн эрүүл мэнд, амь нас тэдэнд нэг их сонин биш болчихож. Өнгөрсөн хугацаанд өвчтнүүдийн зовлон дээр суурилан босгосон мөнгө олох сүлжээгээ л хамгаалж үлдэхийг юу юунаас илүүд ГССҮТ-ийн эмч нар үзэж байна.
Хэрэвзээ үүнийг нь өөгшүүлж, тэдний хэлсэн хийсэн болгоныг зөвшөөрөх нь ганц сайдын ч асуудал биш. Хүн амынхаа өвчин, зовлонгоор бизнес хийхийг нь зөвшөөрсөн явдал болно. Харин ч цалин төдийхнөөр торгоод өнгөрөх бус хээл хахуулийнх нь сүлжээг таслан зогсоож, ядарсан иргэдээ хэтэрсэн мөнгө төлөхгүй байх боломжоор нь ядаж хангах нь төрийн үүрэг. Түүнээс биш тэр байгууллагын дарга алтан гартай доктор байна уу, нинжин сэтгэлтэй донор байн уу, хамаагүй. Хамгийн гол нь иргэдэд түргэн шуурхай үйлчлэх тийм бололцоог бүрдүүлж ажиллах, эмнэлгийн ажилтнуудаа ухаалгаар удирдаад явчих л хүн хэрэгтэй. Түүнээс биш улстөрчдийн танил тал, татаас хүн бол бүр ч хэрэггүй. Энэ л иргэдэд хэрэгтэй. Эрх мэдэлтэй ямбатнууд энэ эмнэлэгт үйлчлүүлж үзээгүй, эрсдэлээс нь айгаад гадаадад эмчлүүлдэг болохоор мэдэхгүй л дээ. Эмч нарын солиорол дутаж гэнэ дээ…