-Байр сууриасаа буцсан зүйл байхгүй. Энэ асуудлыг хэлэлцэхээс өмнө АН-ын бүлэг хуралдсан. Нууцын зэрэглэлтэй асуудал байсан учраас хуралдсан юм. Бүлэг дээр санал бодлоо хэлсэн. УИХ, гүйцэтгэх засаглалыг тусгаарлах ёстой, одоогийн бүтэц бол буруу. Засгийн газар УИХ-ын шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой болохоос парламенттай холилдоод хариуцлагын асуудал ярьж чадахгүй, бүтэц нь томроод байгааг байнга л шүүмжилж ирсэн шүү дээ. Бүлгийн хурлын үеэр 7-8 гишүүн эсрэг саналтай байсан. “Давхар дээл”-ийг даруй тайлах ёстой, УИХ, Засгийн газрын гишүүн тусдаа байх ёстойг гишүүд хэлсэн. Гэхдээ бүлгийн хурал дээр олонхи нь Ерөнхийлөгчийн саналыг ерөнхийд нь дэмжиж, 2014 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжихийг дэмжихгүй гэсэн юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Цагааныг бүлгийн хуралд дуудаж оролцуулсан. Ерөнхийлөгч Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөлд өчүүхэн төдий л засвар хийх юм бол хориг тавина гэдгээ хэлсэн байсан. УИХ-ын дарга “давхар дээл”-тэй 17 сайдыг санал хураалтад санал өгөхгүй байхыг сануулсныг бүгд сонссон. Хэрвээ Ерөнхийлөгч хориг тавилаа гэхэд 26 гишүүн түүний талд кноп дарахад л хуулийн хугацаа 2016 он хүртэл сунгагдах болно. Тэгэхээр үр дүнд хүрэхгүй асуудалд заавал бүлэгтэйгээ зөрөөд байх шаардлага алга гэж үзсэн л дээ. УИХ дээр Засгийн газрыг гурав дахь удаагаа хамгааллаа.
-Гурав дахь удаагаа хамгаалсан гэдэг нь?
-Эхний удаа Засгийн газрыг огцруулах асуудалд, дараа нь Эдийн засгийн хөгжлийн сайд Батбаяр, Сангийн сайд Улаан нарыг огцруулах асуудал тавихад хамгаалсан санал өгсөн. Гурав дахь нь “давхар дээл”-ийг тайлах эсэх асуудал. Үүнээс цааш улс орны эдийн засаг ингээд улам хүндрээд байвал дөрөв дэх удаад хамгаалахгүй. Өнөөгийн улс төрийн тогтвортой байдлын үүднээс ингэж шийдэх шаардлагатай гэж үзсэн.
-Дөрөв дэх удаа гэхээр энэ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр дэмжиж санал өгнө гэсэн үг үү. Эсвэл өөр тохиолдолд уу?
-Өнөөдөр улс төрийн тогтвортой байдал хэрэгтэй юу, үгүй юу гэдэг чухал байна. АН-ын гишүүн, АН-ын бүлэгт харьяалагддаг учраас тухай бүрт гарах шийдвэрт дүгнэлтээ хийгээд л явна.
-Төслийг дэмжиж байгаа АН-ын найман гишүүн эцсийн хэлэлцүүлгийн үеэр байр сууриа илэрхийлэх болов уу?
-Тэдний өмнөөс хэлж чадахгүй. Гэхдээ ерөнхийдөө улс орны эдийн засаг, Засгийн газрын хийж байгаа ажилд үнэлэлт, дүгнэлт өгөөд өөрсдийн шийдвэрээ гаргаад явах байх.
-Ерөнхийлөгч хориг тавилаа гэж үзвэл хүлээж авах нөхцөл байдал үүссэн гэж ойлгож болох уу?
-Сайд нар санал өгч байгаа учраас Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаар байна шүү дээ. Түрүүн хэлснээр 26 гишүүн л дэмжвэл хоригийг хүлээн авдаг. Өмнө нь эсрэг санал өгсөн 34 гишүүн хэчнээн цөөрсөн ч 26 нь бол дэмжиж, хүлээгээд авчих байх.
-Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагааж дараагийн танхимыг МоАХ фракц бусадтайгаа нийлж бүрдүүлэх нь гэдэг мэдээлэл бий. Хэрвээ энэ үнэн бол та МоАХ фракцынх учраас дэмжих үү, яах вэ?
-Монгол Улс эдийн засаг нь хүчирхэг, тусгаар тогтносон, хүний эрх, эрх чөлөөг хангасан орон байхын төлөө МоАХ, АН ч зүтгэж яваа. Үнэт зүйл маань ч ийм. Тэр үүднээсээ тухайн үедээ шийдвэрээ гаргаад л явна.
-Нэг тойргоос сонгогдсон Х.Баттулга сайдын байр суурийг таныг дэмжиж санал өгөх байх гэж харсан нь цөөнгүй. Гэтэл МоАХ фракцын гэгддэг зарим гишүүнийг эсрэг товчлуур дарсан учраас гайхаж хүлээж авсан байх?
-МоАХ фракцаараа цуглаад ингэнэ, тэгнэ гэж ярилцаад шийдсэн зүйл байхгүй. Тухайн үедээ л гишүүд дор бүрээ өөрсдөө шийдвэрээ гаргасан. АН олон фракцаас бүрддэг нь үнэн. Гэхдээ энэ асуудалд фракцаараа ярилцаж шийдвэр гаргаагүй.
-Ерөнхий сайдыг АН-ынхан дотроосоо огцруулах асуудал оруулж магадгүй гэх юм?
-Маргааш, нөгөөдөр юу болохыг хэлж мэдэхгүй. Тэгэхдээ өнөөдрийн болж байгаа асуудлаас хэн нь ч байсан сургамж авах ёстой. Дараагийн удаад алдаа дутагдлаа засаад явах ёстой. Гол нь иргэдийн аж амьдрал, Монгол Улсын эдийн засаг ямар байх нь чухал. Түүнээс хувь хүний асуудал сонин биш.
-АН-д жигүүр байгуулагдаж, намын дүрмээ мөрдөхгүй, Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулахгүй байна, ротациа хийхгүй удлаа гэдэг шүүмжлэл хэлдэг. Үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
-Санал шүүмжлэлийг хүлээж авах ёстой. Нөгөөтэйгүүр тэр хүмүүсийн тавьсан асуудал 100 хувь зөв зүйтэй гэж бодохгүй байна. Засгийн эрхийг барьж байгаа АН-ын дүрмийн дагуу явах үйл ажиллагаа нь хаана байна вэ. Эдийн засаг хүндэрсэн үед АН-ын ҮЗХ хуралдах ёстой. Ер нь АН хоёр жилийн хугацаанд ҮЗХ-ны хурлаа хийсэнгүй. Энэ олон сонгуулийн үр дүнг хэлэлцэж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, УИХ-ын бүлгийн хийж байгаа ажилд санал дүгнэлтээ гаргаж ярилцах л хэрэгтэй.
-УИХ дахь АН-ын бүлэг дотор цөөнх болохоор гишүүд байгаа. Тухайлбал, Ж.Батзандан, Г.Баярсайхан, М.Батчимэг, Д.Ганбат гишүүнийг өөр байр сууринаас, ихэнхдээ шүүмжлэлтэй ханддаг гэсэн?
-Авлига, хээл хахууль, улс орны эдийн засгийг хүндрүүлж байгаа, ажил төрлөө муу хийж буй хүмүүст ярьдаг хэлдэг гишүүд байна. Тэдний нэг нь би мөн үү гэвэл мөн. Цаашдаа ч зарчмынхаа байр суурийг илэрхийлж, ярьж хэлнэ. Бидний гаргасан санал, байр суурийг сонсч, хэрэгжүүлээд явж байсан бол ийм зүйл болохгүй л байлаа. Яг ч цөөнх гэх нь хаашаа юм. Бид Засгийн газрын ажлыг зөв зүйтэй болгох гэж л хэлдэг. Бид өөрсдийгөө цөөнх гэж бодохгүй байна. АН, УИХ дахь АН-ын бүлгийн нэг гишүүн учир ингэх ч үүрэгтэй.
-Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацааны талыг өнгөрүүлчихлээ. Одоо үр дүн хүлээх цаг болсон гэж байна. Та Засгийн газрын үйл ажиллагаанд ямар дүн тавих вэ?
-Засгийн газрын үйл ажиллагаанд “Дунд” тавина. Яагаад гэвэл өнөөдөр манай гадаадын хөрөнгө оруулалт ямар байгаа билээ. Хувийн хэвшил хүнд байна. Эргэлтийн шинж чанартай зүйл хийх хэрэгтэй. Энэ маягаараа яваад байвал цаашдаа болохгүй гэдэг нь харагдлаа шүү дээ.