Европийн хөлбөмбөгийн холбооны “Аваргуудын лиг”-ийн тэмцээний хагас шигшээд Английн “Челси” Испанийн “Атлетико Мадрид” багтай учраа таарсан. Хоёр багийн эхний тоглолт өнөө шөнө 02:45 цагаас /Улаанбаатарын цагаар/ эхэлнэ.
Тоглолтын өмнөх хэвлэлийн хурал дээр “Челси” багийн дасгалжуулагч Жозе Моуриньо:
-“Атлетико Мадрид” багийн давуу талыг ярихгүй. Би багийнхандаа “Атлетико муу баг байсан бол “Аваргуудын лиг”-ийн хагас шигшээд шалгарахгүй байсан шүү” гэдгийг сануулсан. Тийм болохоор “Атлетико” сайн баг гэдгийг мэдсэн. Бид өрсөлдөгчөө сайн судалсан. Тиймээс “Атлетико Мадрид” багийн талаар яримааргүй байна гэжээ.
Жозе Моуриньо өнгөрсөн 2013 оны дөрөвдүгээр сарын өдийд Испанийн “Реал Мадрид” багийг удирдан Эзэн хааны цомын шигшээ тоглолтод “Атлетико Мадрид”-д хожигдож байсан юм.
Хоёр баг хамгаалалтыг илүүд үздэг учир тоглолт уйтгартай болно гэж хөлбөмбөгийн мэргэжилтнүүд үзэж байна. Гэхдээ “Аваргуудын лиг”-ийн хагас шигшээд уйтгартай тоглолт гэж үгүй.
Тоглолтын өмнө “Атлетико Мадрид” багийн дасгалжуулагч Диего Симеоне:
-“Атлетико” болон “Челси” баг тоглолтоороо адилхан биш. Гэхдээ төстэй зүйл байж болох юм. “Челси” Английн “Премьер лиг”-т хамгийн цөөн гоол алдсан баг. Харин манай баг Испанийн “Ла лиг”-т хамгийн цөөн гоол алдсан. “Челси” сайн дасгалжуулагчтай. Бидний сул болон давуу талыг ашиглахыг зорих нь ойлгомжтой. Бид ч мөн адил тийм л тоглолтыг үзүүлэх болно. Тоглолт өчүүхэн бага зүйлээр шийдвэрлэгдэхийг үгүйсгэх аргагүй гэжээ.