-Сайн байна уу. Таныг огцруулах тухай Байнгын хороогоор яриад эхэллээ. УИХ-аар авч хэлэлцэх гэж байна. Яагаад ийм байдалд хүрэв?
-Бараг л жам ёсны үзэгдэл байх л даа. Анх энэ шинэтгэлийг хийхдээ ямар сорилтууд тулгардаг тухайд маш олон судалгаа уншиж үзсэн юм.
Яг манайхтай адил шинэчлэл хийж буй орнуудад хамгийн их хүндрэл тулгардаг, бас огцом бөгөөд шинэ сорилтууд тулгардаг салбар нь хууль зүйнх, бидний хуучин ярьдаг байсанчлан хүчний байгууллагуудын шинэтгэл байгаа юм. Яагаад гэхээр тэр байгууллагууд хуучин тогтолцоо дотроо маш хаалттай байдаг. Үндэсний аюулгүй байдал, улс орны тусгаар тогтнолын суурь эрх ашигтай холбоотой ч гэдэг юм уу, ийм ажил хийдэг учраас дуртай хүн нь ийшээ орж ирж болохгүй гэдэг хаалттай байдаг байсан.
Нэгэнт хаалттай учраас дотор нь юу болдог тухай хэн ч мэдэхгүй, иргэд төсөөллийн байдалтай байдаг. Нөгөөтэйгүүр энэ байгууллагууд үйлчилгээ үзүүлдэг ямар ч ойлголт байхгүй..
Тушаадаж, зандардаг, хүч хэрэглэдэг л байгууллага, хүмүүс гэж боддог болохоос биш, аюулгүй байдлын үйлчилгээ иргэнд үзүүлдэг хүмүүс гэсэн хандлага, ойлголт ерөөсөө байхгүй. Гуравдугаарт хаалттай гэдэг утгаар цэрэгжсэн зохион байгуулалттай. Иргэний бус гэсэн үг.
Тушаалаар хөдөлнө гэсэн ойлголттой. Ямар нэгэн дүрэм, журам, хуульд захирагдана гэхээс илүүтэй даргын тушаалыг биелүүлнэ гэсэн ойлголт давамгай. Дарга ямар шийдвэр биелүүл гэж тушаана, тэр нь хуулийн дагуу байна уу, биш байна уу, хамаа байхгүй. Тушаал биелүүлж байна гэсэн хаалттай орчин дотроо карьерын тогтолцоо бий болгочихсон.
-Ардчилсан бус систем…
-Тийм.
-Тэгэхээр 1990 онд бидний хийсэн ардчилсан, хүний эрхийг дээдэлсэн, зах зээлийн механизм өөрөө аюулгүй байдлын тусгай үйлчилгээ шаардаад эхэллээ шүү дээ. Эдийн засаг зах зээлд орсон, өөрийнхөө жам ёсоор өмчийн харилцаанд орчихсон. Тэгэхээр энэ харилцаанд таарахгүй байгаа хэрэг үү?
-Хуучин уламжлалт тогтолцоо угаасаа таарахгүй. Яагаад гэвэл хүнд үйлчилдэггүй учраас хэзээ ч тайлагнах юм уу, эсвэл үйлчилдэг хүмүүстээ хянагдахгүй гэсэн үг. Энэ чинь өөрөө хэнд хянагдаж, хэнд тайлагнаж, хэний зорилгын үүднээс ажлаа явуулдаг юм бэ гэхээр ерөөсөө л тэр байгууллагыг атгаж байгаа гэх юм уу, үүрэг даалгавар өгөх эрх мэдэлтэй байгаа тэр хүндээ л тайлагнана.
Тэр хүндээ л хянагдана, түүндээ л үйлчилнэ. 1992 оноос хойш хувийн өмч гэдэг их чухал болоод эхэллээ. Хувь хүний эрх чөлөө их үнэ цэнэтэй боллоо.
Хувь хүн өөрийнхөө амьдралыг зохиож, төлөвлөнө гэдэг бол төрийн зохиож байгаа амьдралаас илүү чухал шүү гэдгийг ойлгодог болсон. Үнэт зүйлийн баримжаа өөрчлөгдлөө шүү дээ. Энэ баримжаа тэлээд, энэ үнэт зүйл дээр суурилаад нийгэм хөгжөөд ирэхээр аяндаа энэ хуулийн байгууллагууд, хүчний гэж яриад байгаа цэрэгжсэн зохион байгуулалтай байгууллагуудыг өөрчлөхийг шаардаж эхэлж байгаа юм.
-Энэ өөрчлөлтийг урьд нь шаардаагүй юу, шаардаж л байсан шүү дээ. Яагаад хийгдэхгүй байсан юм, эсвэл удсан юм уу, ямар учиртай вэ?
-Энэ байгууллагуудыг яаж өөрчлөх вэ гэдэг хангалтай сайн бодлого байсангүй. Энэ байгууллагуудыг өөрчилнө гэдэг нь энэ байгууллагуудын дотор байгаа эрх мэдэлтэй, нөлөөтэй хүмүүстэй, эсвэл хуучин арга барилтай тэмцэнэ гэсэн үг.
Эрх мэдэлтэй маш олон хүний уур, дургүйг хүргэнэ гэсэн үг. Тийм учраас энэ хэмжээний эр зориг байсан эсэхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан улс төрийн нөхцөл байдал энэ цаг үед бүрдсэн. Яагаад гэвэл УИХ-д хуулийн шинэчлэлтийг хийнэ гэж амлалт өгч сонгогдсон улс төрийн нам олонх болчихсон. Энэ нийгэмд байгаа шударга бус зүйлүүдтэй хатуу тэмцэнэ гээд хэлчихсэн “Шударга ёс” эвсэлтэй бид нэг том эвсэл болчихсон.
Дээр нь Засгийн газын тэргүүн, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гээд Монгол Улсын гурван өндөрлөг гэж яриад байдаг, улс төрийн зөвшил, ойлголтын хамгийн гол түлхүүр цэгийг тодорхойлж байгаа энэ гурван хүн өөрөө энэ шинэтгэлийн төлөө хатуу зогсох хүсэл эрмэлзлэлээ харуулчихсан. Улс төрийн хувьд шинэчлэл хийх орчин бүрдлээ. Олон нийтийн хувьд, та түрүүн хэллээ, эртнээс хэлж шаардсан гэж.
Энэ хуулийн байгууллагууд өөрчлөгдөхгүй юм уу, хэн дураараа хүний эрхэд халдаж, цагдаж, хорьж, шоронд хийж байдаг боллоо, үүнийгээ болихгүй юм уу, хувийн өмчийг хуулийн байгууллагын нэрээр тонон дээрэмдэх боллоо, ингэж болж байгаа юм уу гэдэг. Энэ асуудлыг иргэд байнга тавьдаг. Одоо бүр хурцаар илэрч байна. Яах аргагүй хуулийн байгууллагуудыг өөрчлөхгүй бол энэ хуулийг өөрсдийнхөө хувийн ашиг сонирхлын төлөө хэрэгжүүлдэг үзэгдэл газар авах гээд байна шүү дээ.
-Хүчний байгууллагуудын ерөнхий зорилгыг хүнд үйлчлэх гэж та түрүүн ярьсан. Зорилго өөр болохоор чиг үүрэгт нь өөрчлөлт хийх хэрэгтэй гэж та ярилцлагадаа хэлсэн байсан. Хуулийн ямар хэмжээнд байх вэ гэдгийг холбогдох цагдаа, тахарын албаны хүрээнд гаргаж тавьж байна. Өнөөдөр яг зохион байгуулалтаа хийгээд Дорж, Балдан дээр очоод солих асуудал гарахаар хүчтэй эсэргүүцэл гарч ирээд, ерөнхийдөө таныг өөрийг тань солино гэсэн хүсэл эрмэлзлэл бий болчихлоо гэж харж байна.
-Энэ бол зөвхөн Монголд гарч буй үзэгдэл биш юм билээ. Хатуу, хаалттай, хүчирхийлэл хийж болохуйц арга техник, эрх мэдэлтэй байгууллагад өөрчлөлт хийх их хэцүү. Сүүлдээ өөрчлөлт, шинэтгэлийг хийж буй хүн рүүгээ буцаж дайрдаг. Монголд “Чоно яг тулаад ирэхээр буцаж дайрдаг” гэсэн үг бий. Араатан, адгуусууд шахагдаад ирмэгцээ хамаг хүчээ шавхаж байгаад буцаж дайрдаг байх нь.
Яг түүнтэй адил юм болж байна. Өөрсдийнх нь арьс, маханд тулаад, сандал ширээтэй нь холбогдоод ирэхээр тэр хэн байх нь хамаагүй, ямар хүн байх нь сонин биш эргэж дайрдаг байх нь.
Тухайн эрх мэдэл, албан тушаалд байгаа хүмүүс тэр эрх мэдлээрээ өөрийн гэсэн орчин үүсгэчихсэн байдаг. Хүмүүс тэр хүнд яаж ханддаг вэ, түүнд тулгуурлаж өөрийн гэсэн мэдээллийн орон зай бий болгочихсон байдаг. Тэр мэдлээрээ дамжуулаад амьдрах арга барилтай болчихсон. Өөрийн эрх мэдлээ бусдаас хавьгүй давуу байдлаа хууль бус арга замаар хангах боломжтой болчихсон байдаг.
Түүндээ дадаад, түүнийгээ олон жил давтаад хийчихсэн учраас үүнийгээ хэвийн зүйл гэж бодчихсон, ойлгочихсон. Байдаг л зүйл гэж ойлгодог. Үүнийг эсэргүүцэх гээд ирэхээр эсэргүүцдэг.
Энэ нь хүндээ биш, Дорж байна уу, Бат байна уу гэдэгт биш. Систем нь тэр хүнийг ийм болгодог. Жилийн өмнө өөрчлөгдсөн хүн жилийн дотор энэ системдээ дасаад, энэ системээ хамгаалах инстинктэй болоод хувирчихсан байдаг. Тэгэхээр тэр хүмүүсийн буруу гэхээс илүүтэй хэн ч орсон ийм болгож хувиргадаг системийн буруу болж байгаа юм. Үүнийг өөрчлөх ёстой.
-Яаж?
-Өөрчлөхийн тулд таван үе шаттай шинэтгэл хийж байгаа юм. Нэгдүгээрт тэр байгууллагын зорилтыг өөрчилж байгаа юм. Та нар хэнд үйлчилдэг, хэнийг хамгаалдаг, яаж тайлагнаж, хянагддаг байсан бэ гэдэг чинь явцуу байсан бол одоо та нар иргэндээ үйлчилнэ, иргэндээ хянагдана, тэгснээр олон нийтэд түшиглэсэн хууль сахиулах үйл ажиллагаатай болж хувирна.
Та бүгдийн үйл ажиллагаа эцсийн дүндээ юу болж хувирах вэ гэхээр, гэмт хэрэгтэй тэмцэх гэдэг нь зөвхөн цагдаагийн ажил биш, гэмт хэрэгтэй тэмцэх гэдэг бол олон нийттэйгээ хамтарч цагдаа хийдэг ажил. Өөрөөр хэлбэл шударга иргэдтэйгээ нэг эгнээнд зогсч, шударга биш, гэмт хэрэг хийж бусдын эрхийг зөрчөөд байгаа хүмүүстэй иргэдийн дуу хоолойгоор шахаж ажилладаг юм.
Тэгэхгүй цагдаа нь тусдаа, иргэд нь тусдаа гараад хэрүүл хийх юм бол гэмт хэрэгтэй тэмцэх гэдэг нь иргэн, цагдаа хоёрын хоорондох зөрчил мэт харагдана. Ийм байж болохгүй. Үүнийг харгис цагдаа гэдэг юм уу, иргэншээгүй, хэн нэгэн даргын үгээр ажилладаг цэрэгжсэн цагдаа гэж хэлээд байгаа юм.
-Үүнтэй холбоотойгоор сая цагдаагийн хувцас, формыг өөрчиллөө гэж ойлгосон. Энэ нь арми руу биш, харин иргэн рүүгээ ойртуулсан хэлбэр үү?
-Тийм. Ер нь цагдаатай холбоотой шинэтгэл өргөн фронтоор явж байгаа. Зорилт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор чиг үүрэг нь өөрчлөгдөж байгаа. Зохион байгуулалт өөрчлөгдөж байгаа, үүнийг дагаад хэрэгслэлүүд ч өөрчлөгдөж байгаа. Жишээ нь манайхан цагдаад ямар зэвсэглэл тавьж өгч байгаа вэ гэдгийг харах ёстой юм. Гудамжаар явж байгаа цагдаа гар мухар байгаа.
Тийм учраас тэр хүний өөрийнх нь аюулгүй байдлыг, гэмт халдлагад өртөж байгаа хүнийг хамгаалах, гэмт халдлага хийж буй хүний үйлдлийг таслан зогсоох чадвартай тусгай хэрэгслэлээр хангаж өгөх ёстой.
Гэхдээ энэ нь иргэнтэйгээ харьцаж байгаа гэдэг агуулгатай байхаас биш, дайснаа устгах гэсэн агуулгатай байлдааны зэвсэг шууд тавьж өгч болохгүй. Аминд халгүй ямар тусгай хэрэгслэлээр цагдаагийн албыг хангах ёстой вэ.
-Юу байдаг юм?
-Янз бүр. Цахилгаан бороохойноос авахуулаад өөрөө хутга мэснээс хамгаалах хантааз өмсөх гэхчлэн. Ний нуугүй хэлэхэд манай цагдаагийнхан амь насанд аюултай нөхцөлд ажил үүрэг гүйцэтгэдэг боловч, тэр нөхцөлдөө таарсан хөдөлмөрийн аюулгүй байдал хангасан хэрэгслэлээр хангагдаагүй байдаг. Тэгсэн мөртлөө юугаар хангагдсан бэ гэхээр хоосон тэмдэг, цолоор.
Цаасан малгай өмсөөд явуулна гэдэг шиг хоосон юмаар л урамшуулаад байдаг бодитоор эдийн засаг, аюулгүй байдал, шийдвэр гаргах эрх мэдэл талдаа бодитоор хангагдсан юм байдаггүй.
Үүнийг бид өгөх ёстой. Тэгж байж цагдаагийн алба хаагчид ажлаа мэргэжлийн түвшинд хийх чадвартай болно. Үүний зэрэгцээ хангамж ахиад ирэхийн хэрээр та нар иргэдэд хянагдана, үйл ажиллагаагаа тайлагнадаг болно, танай байгууллагын бүтэц, үйл ажиллагаа нээлттэй болно. Гэхдээ иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа цагдаагийн үйлчилгээн дотор тусгай нэг юм байна. Яахын аргагүй хаалттай, яах аргагүй мэдээлэл нь хязгаарлагдмал нөхцөлд арга тактик нь нарийвчилсан нууцлал шаарддаг гэмт хэргүүд байна.
Хар тамхи, хүн худалдах, мөнгө угаах, цахим гэмт хэрэг гэх мэтчилэн. Энэ гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага, үйлчилгээ үзүүлэх гэсэн цагдаа дотор байгаа хоёр байгууллага зөрчилдөөд байгаа юм байна. 1990 оноос хойш ярьсан. Иргэний болон эрүүгийн цагдаагийн тухай ойлголт. Тэгэхээр үүнийгээ бид Мөрдөх алба болгож гаргах ёстой юм байна.
Үүн дотор шүүх шинжилгээ, мэргэшсэн мөрдөгч, орчин үеийн шинжлэх ухааны ололтуудыг ашигладаг гэхчилэн. Гадаад хамтын ажиллагаа чухал.
Энэ төрлийн гэмт хэргүүд Монголоос гадна дэлхийн хэмжээнд гардаг. Тиймээс маш сайн хэлтэй, туршлагатай, маш сайн зохион байгуулалттай бүлэгтэй тэмцэх чадвартай байх ёстой. Энэ бол Мөрдөх алба байх ёстой юм байна аа. Харин тэр нь Цагдаа болох ёстой юм байна аа. Үүнээс гадна шүүх аюулгүй байдал гэх зэрэг функцүүдийг хамарсан нь Тахар байх ёстой юм байна.
-Эрүүгийн цагдаа гэж байх уу, үгүй юу. Тэр нь Мөрдөх албандаа очих уу?
-Тийм, Мөрдөх алба болж өөрчлөгдөнө. Үндсэндээ бидэнд юу байсан бэ. Эрүүгийн цагдаа, Мөрдөн байцаах газар гэсэн хоёр том бүтэц байлаа. Эрх зүйн үндэслэл буюу хууль тогтоомжоор тодорхойлогдсон үндэслэл байхгүйгээр оршин тогтнож байсан байгууллагууд.
-Хуульгүй байсан гэж үү?
-Тийм. Хуулиар нарийвчлан заасан ялгаа байхгүй. Яагаад байхгүй гэж байгаа юм бэ гэхээр Эрүүгийн цагдаа дотор байсан мэргэжилтнүүд, эрүүгийн төлөөлөгч хүмүүс байдаг л даа. Гэтэл энэ хүмүүс Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар эрх мэдэл аваагүй. Тэр хуулийн оролцогч биш. Тэгсэн мөртлөө гэмт хэрэг илрүүлэх, нотлох баримт бүрдүүлэх эхний ажлуудыг хийж байдаг. Энэ юу хэлж байна вэ гэхээр “Зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүний эрх рүү халдана, хязгаарлана” гэдэг Үндсэн хуулийн заалттай зөрчилдсөн институц түүн дотор явж байдаг.
-Үүнийг шинэ хуулиар засна…
-Энэ бүгдийг бид өөрчилж байна. Цагдаагийн албаны хууль батлагдлаа. Мөрдөх албаны хууль батлагдаж амжаагүй байна. Түрүүн би дутуу хэлжээ. Зорилгоо тодорхойлчихоод чиг үүргийг тодорхойлж байгаа юм. Чиг үүргийг тодорхойлоход зохион байгуулалт шинээр гарч ирнэ. Яагаад гэхээр хуучин зорилтыг хуучин чиг үүргээр тодорхойлж болохгүй учиг үүргийг хуучин зохион байгуулалтаар хэрэгжүүлж болохгүй.
Тийм учраас зохион байгуулалтаа ингэж өөрчлөнгүүт асуудал юун дээр гарсан гэхээр хуучин зохион байгуулалтаа хадгалж үлдэх сонирхолтой, дарга бол даргаараа, байгууллага бол байгууллагаараа үлдэх, эсвэл тэр байгууллага дотор байгаа таагүй, эсвэл нууц зүйлийг тэр хэвээр нь хадгалах гэж оролдохыг завдаж байна.
-Энэ чинь гэмт хэрэг шүү дээ…
-Гэмт хэрэг. Ийм үзэгдэл хуулийн байгууллагын шинэтгэлтэй холбоотойгоор гарч ирдэг юм байна.
-Танаас нэг юм тодруулж асууя. АТГ гэдэг хүмүүсийг айлгадаг, бизнесийг нь хаадаг газар байна. Дээр үед хүмүүсийг “Намын төв хороонд хэлнэ шүү” гэж айлгадаг байсан шиг одоо дургүйгээ хүргэсэн хүнийг “АТГ-т өгнө” гэж айлгадаг болсон. Их олон бизнес эрхлэгчийг барина, хорино гээд байж байдаг болжээ. Энэ хүчний байгууллага уу. Танай Засгийн газар яагаад хүчний байгууллагуудыг нэмээд байгаа юм бэ. Таны яриад байгаа шинэчлэлийн бүтэц энэ байгууллагын үйл ажиллагааг зохицуулж чадах уу?
-Анх АТГ байгуулагдаж байх үед яригдаж байсан асуудал. АТГ байгуулах хоёр хувилбар байсны нэгийг авч хэрэглэсэн нь өнөөдөр улстөрчдийн бие бие рүүгээ дайрдаг зэвсэг болж хувираад байна.
-Тэгвэл таны хэрэгжүүлэхийг зориод байгаа шинэтгэл үүнийг зөв голдиролд нь оруулж чадах уу?
-Үүнийг ч, бусад олон зохицуулалтыг цогцоор нь шинэчлэх, шинэтгэх эрх зүйн зохицуулалтуудыг хуульчилж байгаа юм.
-Таныг сайн, муугаар хэлүүлэн байж хууль, эрх зүйн шинэтгэлийг хийхийн төлөө мятрашгүй явж байгааг олон хүн харж байгаа. Цаашдаа ч зориг тань мохохгүй байх, амжилт хүсье.
-Баярлалаа. Гэхдээ би энэ бүхнийг ганцаараа хийж чадахгүй л дээ. Олон нийтийн маш хүчтэй дэмжлэг байх ёстой. Мөн энэ бодлогыг УИХ-аар баталж, энэ бодлогын төлөө хатуу зогсч чадах олонх байна гэдэг чухал. Янз бүрийн шүүмж ирнэ. Болж байсан ч, болохгүй байгаа мэтээр харагдуулах гэсэн оролдлого ч гарна. Түүнийг олуул сөрж бат зогсч хуулиа батлуулах чухал л даа.