Үрийн буудайг зээлээр олгоно

Хуучирсан мэдээ: 2014.04.22-нд нийтлэгдсэн

Үрийн буудайг зээлээр олгоно

Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ онд 373.5 мянган га-д тариалалт хийж, улаанбуудай 426.4 мянган тонн,   төмс 198.1 мянган тонн,  хүнсний ногоо 106.8 мянган тонн, малын тэжээл 25.9  мянган тонныг  хураан авах зорилт тавьжээ. Хаврын тариалалтад 48 мянган тонн буудайн үр шаардлагатай бөгөөд улсын нөөцөд 33 мянган тонн үр нөөцөлсөн байна.  Нийтдээ 11.5 мянган тонн үрийн буудай импортлохоор гэрээ байгуулж тариалалтаас өмнө үрийг бүрэн оруулж, хуваарилж олгохоор ажиллаж байгаа талаар дэд сайд Ц.Туваан онцоллоо.

Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас буудайн үрийг аж ахуйн нэгжүүдэд 20 хувийн урьдчилгаа төлбөртэй, үлдэгдлийг ургацаас тооцон төлүүлэх гэрээгээр олгох аж. Энэ оны ургацаас Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн өр авлагадаа тооцон авах нэг тонн хүнсний буудайн доод үнийг 460  мянган төгрөг байхаар шийдвэрлэсэн байна.

6.2 мянган тонн шатахуун шаардлагатай

Хаврын тариалалтад 2100 трактор, 1700 үрлүүр, 3200 хөрс боловсруулах чиргүүл, дүүжин машин ажиллах бөгөөд техникийн бэлэн байдал 80 хувьтай байгаа ажээ. Эдгээр техникийн хангамж нь тариалалтын ажлыг 21 хоногт багтаан дуусгах боломжтой гэнэ.

Энэ оны тариалалтад 6.2 мянган тонн, шатахуун шаардлагатай болжээ. Шатахууныг 50 хувийн урьдчилгаа төлбөртэйгээр үлдэгдлийг намрын ургацаас төлөх нөхцлөөр олгохоор  “НИК”, “Магнай трейд”компаниудтай гэрээ хийгээд байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас ургамал хамгааллын бодисыг 30 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгох ажлыг хэрэгжүүлж байна.

Тариалангийн гол аймгуудад хаврын тариалалтын зөвлөгөөнүүдийг хуваарийн дагуу дөрөвдүгээр сард явуулж дуусгах ажээ. Дулааны улирлын уур амьсгалын төлөв байдал, техник технологийн шинэчлэл нэвтрүүлэлт зэрэгтэй уялдуулан тариалангийн бүсүүдэд баримтлах технологийн зөвлөгөөг эрдэм шинжилгээний байгууллага, салбарын мэргэжилтнүүдийн зөвлөгөө, тэргүүний тариаланчдын туршлагад тулгуурлан боловсруулж тариаланчдад хүргүүлсэн байна.

Ийнхүү хаврын тариалалтыг тавдугаар сарын 1-нээс эхэлж, 25-ны дотор дуусгахаар төлөвлөжээ.

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж