Нэгдүгээр сургуулийн 11е ангийн сурагч Г.Отгонтөмөр:
-Өнөөдрийн лекц надад маш сайхан сэтгэгдэл төрүүллээ. Зорилго гэж яг юу байдаг юм, аливаа асуудлыг уураар биш эв найраар шийдэж, ухаалаг хүн болж хүмүүжих учиртайг онцолсон нь сайхан санагдсан. Аз жаргал гэж юу байдаг, амьдралын ирээдүйн зорилго, амьдрах ухааныг маш сайн тодруулж өгсөн лекц гэж байлаа. Өөрт байгаа үнэ цэнэтэй зүйлээ ойлгож ухаарч, өөрийгөө бусадтай харьцуулаад байлгүй зөвхөн өөрийнхөө зорилгын төлөө л зүтгэх ёстойг маш сайн ойлголоо.
Нэгдүгээр сургуулийн 11г ангийн сурагч Н.Цогзолмаа:
-Үнэхээр цаг үеэ олсон чухал сэдэвтэй лекц орлоо. Яагаад гэвэл бидний зорилго, ирээдүйн мэргэжлийн талаар ярьсан. Бас их хөгжилтэй байсан. Лекц гэхээр л нэг уйтгартай байдаг гэж ойлгодог. Гэтэл огт уйдсангүй, үнэхээр таалагдсан. Энэ ажлыг санаачилсан Л.Гантөмөр сайддаа баярлалаа гэж хэлье. Би өөрийнхөө зорилгыг уг нь тодорхойлчихсон байсан. Гэхдээ одоо бүр илүү чин сэтгэлээсээ бодож төлөвлөх ёстой гэдгийг ойлгосон. Хүүхдүүддээ хандаад мэргэжлээ зөв сонгоорой гэж хэлье.
Нэгдүгээр сургуулийн 11Д ангийн сурагч А. Түмэнжаргал:
-Лекцээр зорилгоо зөв тодорхойлох, мэргэжлээ зөв сонгох талаар мэдээлэл сонслоо. Мэргэжлээ сонгохдоо илүү нухацтай бодож, илүү нарийн төлөвлөгөө гаргая гэж бодож байна. Их хөгжилтэй, маш хэрэгтэй яриа боллоо.
Нэгдүгээр сургуулийн 11Б ангийн сурагч Б.Мөрөнгоо:
-Өнөөдрийн яриа маш сонирхолтой байлаа. Хамгийн түрүүнд тоглоом тоглосон нь маш хөгжилтэй санагдсан. Зорилгоо зөв тодорхойлж мөрөөдлийнхөө төлөө ухаалаг амьдрах , хичээл зүтгэлтэй байх сэдэл санаанд хөтөлсөн лекц боллоо.
Нэгдүгээр сургуулийн захирал Б.Төгсжаргал:
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн “Эрдэм боловсролтой монгол хүн” гэсэн гуравдугаар бүлэгт заасан хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Л.Гантөмөр сайдын санаачлагаар Сүхбаатар дүүргийн ЗДТГ болон боловсролын хэлтэстэй хамтраад “Хариуцлага-аз жаргал” гэсэн лекц зохион байгууллаа. Төгсөх ангийн сурагчид маань мэргэжлээ зөв сонгох , цаашид улс орны хөгжилд өөрт нь ямар зүйл илүү их хэрэгтэй вэ гэдэг асуултын хариуг олж авсан байх аа. Лекцийн эхлэлийг манай сургуульд болсонд баяртай байгаа. Цаашлаад орон даяар бүх сурагчдад түгээх юм. Тиймээс энэ ажлыг хийж хэрэгжүүлж байгаа хүмүүст амжилт хүсье.
Сүхбаатар дүүргийн боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн:
-УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Гантөмөр, Сүхбаатар дүүрийн Засаг дарга Д.Бадарсан болон Засаг даргын Тамгын газрын санаачилга, дэмжлэгтэйгээр “ Хариуцлага-Аз жаргал” лекцийг “Монгол залуу хүн” ТББ-тай хамтран төгсөх ангийн сурагчдад мэргэжлээ сонгоход нь туслах зорилготой зохион байгуулж байна. Лекц их сонирхолтой, нэгийг дуулгаж хоёрыг бодогдуулсан зүйл болж байна. Эндээс хүүхдүүд маань мэргэжлээ сонгоход өөрөө өөрийгөө сайн ойлгож мэдрэх, эзэмшсэн мэргэжилдээ эзэн болох, аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандах хандлага юу юунаас илүү чухал болохыг ойлгосон байх аа. Төгсөх ангийн сурагчдын хувьд нийгмийн амьдралд бие даан оролцох, мэргэжлээ зөв сонгох чухал мөч тулгарч буй энэ үед “Хариуцлага-Аз жаргал” сэдэвт лекцийг төрийн болон төрийн бус өмчийн бүх сургуулийн төгсөх ангийн 2618 сурагчдад толилуулж буй нь цаг үеэ олсон чухал ажил болж байна гэлээ.