Аминдаа арчаатай бай гэж монголчууд үр хүүхдээ багаас нь сургадаг. Арчаатай байна гэдэг нь амьдрал ахуйгаа хүний гар харалгүйгээр аваад явчихна гэсэн үг. Харин ингэж чадахгүй байгаа нэгнийг “арчаагаа алдсан амьтан” гэж толгойгоо сэгсэрдэг. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлын үүднээс үзвэл Ардчилсан намыг хараад “арчаагаа алдсан амьтан” гэж хэлмээр санагдаж байна.
70 жил нэг үзэл суртлын бугалган дор амьдарсан монголчуудыг өөрийн үзэл бодолтой байх, өөрийн өмч хөрөнгөтэй байх, хэн нэгнийг аялдан дагалддаггүй байх, эцсийн эцэст зүгээр л өөрийнхөөрөө байх боломжийг олгож өгсөн зүрх зориг, саруул ухаан, их гавьяа Ардчилсан намд бий. Энэ нам л бидний амьдралын замыг заах юм байна гэж итгэсэн монголчууд төрийн эрх барих боломж өгч дэм өгсөн юм, 1996 онд. Ард түмний итгэл ямар агуу, өгөөмөр болохыг 1996 сонгуулийн шөнө ардчилагчид мэдэрсэн. Харамсалтай нь итгэл даах гэдэг тун амаргүй болохыг төдөлгүй мэдэрч эхэлсэн. 1996-2000 оны хооронд Ардчилсан нам төр барьж тоглож, Засгийн газраа дөрвөнтөө огцруулж байсан. Өчигдөрхөн хувьсгалын анд байсан нөхдүүд олз булаалдах цөөвөр чоно мэт хэмлэлдэж эхэлсэн. Төр барих эрх мэдлийг өөр хоорондоо булаалдан, зөвхөн өнөөдрийн эрх ашгийн төлөө нэг нэгнийгээ худалдаж байсны гороор Ардчилсан нам төр барьж чадахгүй гэдгээ харуулсан учраас ард түмэн өгсөн юмаа буцааж авсан юм. 2000 оны сонгуулиар ардчилагчид төрийн сэнтийгээс шууд гудманд гарсан билээ.
Дөрөвхөн жилийн дотор алдсан итгэлээ зүдэрч байж 12 жилийн дараа хагас хугас олж авсан. Сонгогчид 2012 оны парламентын сонгуулиар Ардчилсан намд “За одоо та нарт дахиад нэг итгээд үзье дээ” гэдгээ илэрхийлсэн. Энэ итгэлийг харин одоо алдах юм бол гурав дахь боломж байхгүй. Гурав дахь боломж байхгүй гэдгийг сэтгэл зүрх нь ойлгоод байгаа ч эрх мэдэл, эд мөнгөний дэндүү их шунал нь Ардчилсан намыг дахин гудманд гаргахад ойрхон байгааг давхар дээлийг тойрсон үйл явц харуулж байна. Хэдий болтол хүний идэш, өгөөш болох гэсэн юм бол. Заавал шалдаа буусан үедээ нягтарч, нүднийх нь зовхи жаахан өөдөө болоод ирэнгүүт, нэг нэгнийгээ өт хорхой мэт хардаг арчаагүй зангаа засахгүй бол алга урвуулахын хооронд гудманд гардаг гэдгийг амссан хүмүүс шүү дээ. Давхар дээлээ тайлах гэж байгаад дээл ч үгүй шалдан хоцрох аюул ойрхон байна.