Г.Ерөөлбат: Спортын төрлүүдэд харилцан адилгүй ханддаг

Хуучирсан мэдээ: 2014.04.21-нд нийтлэгдсэн

Г.Ерөөлбат: Спортын төрлүүдэд харилцан адилгүй ханддаг

Словакийн Нове Замку хотод зохиогдсон аэробик гимнастикийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс алт, хүрэл медаль хүртсэн аэробик гимнастикийн  шигшээ багийн ахлагч, олон улсын хэмжээний мастер Г.Ерөөлбаттай ярилцлаа. Тэрээр 2006 онд олон улсын хэмжээний мастер цол хүртжээ. Ингэснээр аэробикийн тамирчдаас анхдагч нь болсон юм.

-Монголын аэробик гимнастикийн шигшээ баг дэлхийн цомын тэмцээнд төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэмцээнийхээ сонин сайхнаас хуваалцах уу?

-Словакт болсон тэмцээнд манай баг 9-11, 18-аас дээш насны ангилалд өрсөлдөж степийн төрөлд  алт, багийн төрөлд хүрэл медаль хүртлээ. Энэхүү тэмцээнд 16 орны 550 орчим тамирчин ур чадвараа сорьсон. Дэлхийн аваргын өмнөх хамгийн том сорил гэдгээрээ онцлог юм. Ихэнх улс орон багаа залуу тамирчдаар бүрдүүлсэн байлаа. Манай улсын шигшээ баг нийт  23 хүний бүрэлдэхүүнтэй  явсан. Олонхи нь залуу тамирчин. Тэднийгээ олон улсын томоохон тэмцээнд эртнээс оролцуулах нь олон улсын тэмцээнд өосөлдөх чадвар бүхий өндөр зэрэглэлийн тамирчин бэлтгэхэд чухал ач холбогдолтой гэж  үзэж байгаатай холбоотой юм. Холбооны удирдлагууд маань дэмжиж байгаа. Ер нь тэмцээнд аль болох олон оролцож байж тамирчин хүн мэдрэмж, бэлтгэлийн суурь, ур чадварыг олж авдаг. Бэлтгэлийн 100 өдрийн хөдөлмөр нэг тэмцээнд гаргасан хөлстэй тэнцдэг гэж үг байдаг шүү дээ. 

-Ярилцлагынхаа гол сэдэв рүү эргээд ороё. Дэлхийн цомоос алтан медаль авсан степийн төрлөөр манай тамирчид хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?

-Аэробикийн спортод  долоон төрөл байдаг. Тэднээс хэрэгсэлтэй ганц төрөл нь степ аэробик юм. Степний  төрөл гэдэг нь 90 см-ийн урт, 30-35 см-ийн өргөн, 15-20 см-ийн өндөртэй тавцанг ашиглан дасгал, хөдөлгөөнийг урьдчилан найруулсан хөгжмийн аянд тохируулж хийх ёстой байдаг. Би ШУТИС-ийн Биеийн тамир, спортын тэнхимд аэробик гимнастикийн багшаар ажиллаж эхэлсэн цагаасаа л багаа бүрдүүлж ажилласан. Манай баг найман хүний бүрэлдэхүүнтэй. Бид 2011 оноос эхлэн энэ спортын степийн төрлөөр зохион байгуулагдсан олон улс, тив, дэлхийн бүхий л тэмцээн уралдаанд тасралтгүй оролцож байна. Ингэхдээ 2011 оны оюутны Универсиад наадамд VI байр, 2012 оны дэлхийн аваргаас хүрэл, 2012 оны дэлхийн цомын тэмцээнээс алтан, 2013 оны дэлхийн тоглолтын тэмцээнд V байр, 2013 Азийн цомын нээлттэй тэмцээнээс алтан медаль хүртлээ. 

-Алтан медаль авсан тухайгаа товчхон ярих уу?

-Аэробикчид нэг минут 30 секундэд дунджаар 800-1400 орчим хөдөлгөөнийг хийх шаардлагатай байдаг. Ингэхийн тулд дасгалын ая маш чухал ач холбогдолтой . Аяны найруулгад тохирсон хөдөлгөөнийг хамгийн сонирхолтойгоор зохиомжлон гүйцэтгэж байж үнэлгээгээ өндөр авдаг юм. Бидний хувьд дэлхийн цомын тэмцээнд 1160 тоот хөдөлгөөнийг нэг минут 30 секундэд гүйцэтгэсэн.

-Спортын мэргэжилтнүүд дэлхийн аваргын тэмцээнийг чансаалахдаа олимпийн дараа багтаадаг. Тэгвэл дэлхийн цомд зөвхөн шилдгүүд уригддаг биз. Та бүхнийг гаргасан амжилтыг салбар хариуцсан яам эсвэл спортын бэлтгэлийн төвийн удирдлагууд хэрхэн хүлээн авав. Дэлхийд олимп болон олимпийн бус төрлөөр амжилт гаргахад ялгаа нь юу байна вэ? 

 
-Манай улсад спортын төрлүүдийн хөгжлийн бодлогын тогтолцоог  боловсронгуй болгох шаардлагатай болсон гэж би хувьдаа үздэг. Хэрэв жүдо, чөлөөт бөх, бокс, буудлагын тамирчид дэлхийн цомоос медаль авсан бол байдал өөр. Монголын топ спорт гэдэг утгаараа тэр. Гэтэл аэробик адилхан л спорт. Манайхтай адилхан олон  спортын төрөл ийм асуудалтай тулгарч байна. Аэробиктай агаар нэг гимнастикийн спорт олимпийн төрөлд багтдаг, гаргасан амжилт нь яг адилхан, зарим нэг зүйлд илүү байхад түүнд ялгавартай ханддаг гаж жишиг байгаа. Гэхдээ спортын салбар яамтай болсон учраас одоо өөрчлөгдөх байлгүй гэж найдаж байна.

-Танай баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авсан. Тэгэхээр та бүхнийг Засгийн газрын урамшуулалаас сар бүр хүртдэг гэж олон нийт ойлгодог шүү дээ. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Ер нь хүмүүс тэгж ойлгодог. Тэр болгонд нь тайлбар хэлдэг. Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өөрчилж арай уян хатан болгоно байх гэж найдаж байна. Биеийн тамир, спортын тухай хуульгүй байсан. Харин одоо хуультай боллоо. Үүнд би хувьдаа баяртай байдаг юм. Мэдээж шинэчлэгдэж сайжрах цаг хугацаа нь болсон гэж боддог. Хууль мэндэлсэн цагаасаа эхлээд хөрсөн дээрээ ил харагдах боловч үндэс рүүгээ удаахан л явж байна. Спортыг дэмжээд байгаа мэт боловч бодит байдал дээр спортын төрлүүд харилцан адилгүй. Манай баг дэлхийн аваргаас аэробик гимнастикийн багийн төрлийн анхны медалийг эх орондоо авчирхад ганц хүний амжилттай дүйцүүлэн урамшуулсан. Энэ нь тухайн спортынхоо цаашдын хөгжилд хэрхэн нөлөөлөх бол гэдгийг бодмоор л байгаа юм. Баг гэдэг асар их хүч хөдөлмөр шаарддөг төрөл, хувийн төрлүүд нийлээд багийн дүн бодох бас өөр ойлголт. Бид олон улсын  тэмцээнд явахдаа зардлаа өөрсдөөсөө гаргадаг. Зарим үед сургууль маань гаргана. Бас ивээн тэтгэгч хайна. “Улс яагаад мөнгө өгдөггүй юм бэ” гэж асууж шүү дээ. /Инээв/ 

-Та бүхнийг гадагшаа тэмцээнд явахын өмнө улсаас аль хэр дэмждэг вэ?

-Харин энэ бодлогын тогтолцоог л нэг эргэж хармаар байгаа юм. Би өнгөрсөн жил  гурван сар орчим хөөцөлдсөний эцэст 20 сая төгрөгийн төсөв батлуулсан. Тэр төсөвт хөрөнгөө тэмцээний өмнөх бэлтгэл, замын зардалд нэмэрлэсэн. Энэ дашрамд, соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд биднийг ойлгож, дэмжсэнд талархал илэрхийлэх хэрэгтэй болов уу. Тухайн үеийн тэмцээнд оролцох зардал 94 сая төгрөг болж байсан юм. Түүнчлэн ШУТИС-ийн үе үеийн удирдлагууд биднийг байнга дэмжиж урам өгч байдаг оюутан, залуучууд нийт хамт олондоо баярлаж явдаг.  

-Манай аэробик гимнастикийн тамирчид хаана бэлтгэл сургуулилтаа хийдэг вэ?

-Баг тамирчид өөр өөрийн харъяа сургууль дээрээ бэлтгэл сургуулилтаа хийдэг. Манай багийн хувьд сургууль дээрээ бас “Hearty” клуб дээр бэлтгэлээ базааж байна. Модон шалтай зааланд бэлтгэл хийж байгаа. Уг нь бол зориулалтын тавцан байх ёстой. Гэвч одоогоор манай улсад тийм зүйл алга байна. Модон шалан дээр  бэлтгэл хийхэд тун хүнд, бэртэж гэмтэхээс эхлээд зовлон их байна. Зориулалтын дэвжээтэй болчихвол манай тамирчид бэртэх нь ядаж багасах болов уу. Үүнийгээ дагаад амжилт нь улам сайжрах сайн талтай. 

-Тэгээд яагаад зориулалтын дэвжээ авч болдоггүй юм бэ?

-Бас л нөгөө санхүүжилттэй холбоотой. Дэвжээ авахад тээврийн зардлаа оруулаад тооцвол 40-45 сая төгрөг хэрэгтэй байдаг. Тэр асуудлыг шийдчихвэл дэвжээ нь бэлэн байна.

-Ингэхэд та өөрийн гэсэн шавьтай юу?

-Энэ бол харьцангуй ойлголт. Одоогоор миний бэлтгэсэн тамирчдаас олон улсын хэмжээний мастер 11, спортын мастер 20, дэд мастер цолтой 30 гаруй, зэрэглэлтэй тамирчин 60 орчим төрсөн байна.

-Манай аэробикчид ганцаарчилсан, хос, гуравласан болон багийн төрөлд амжилт гаргах боломжтой юу?

-Ази хүмүүс багийн спортын төрөлд арай илүү амжилт гаргах боломжтой гэдэг нь судалгааны дүнд батлагдсан юм гэнэ лээ. Азийнхан, тэр дундаа монгол хүний багаар ажиллах чадварыг зөв удирдаад ажиллавал амжилт гаргаж болно. Монголын гимнастикийн холбоо бүх төрлийг жигд хөгжүүлж амжилттай байхын төлөө боломжоороо ажиллаж байна.

-Гаднын мэргэжилтнүүд манай аэробикчдийг хэрхэн хардаг бол?

-Гимнастик өндөр төвшинд хөгжсөн улс орнууд байнгын судалгаатай байх нь ойлгомжтой.  Өнгөрсөн жилийн буюу 2013.01.01-ээс 2013.12.31-ний өдрийг хүртэл манай багийг олон улсын сэргээштэй тэмцэх холбооноос хянаж байсан. Манай тамирчдаас сэргээшийн шинжилгээг хоёр удаа авсан байдаг юм.

-Яагаад?

-Монголчууд аэробикийн спортоор сүүлийн жилүүдэд өндөр амжилт гаргаж байгаа нь сонирхол татсан байлгүй дээ. Нэг хэсэг нь гэнэт Монголын тамирчид өндөр амжилт гаргаад ирэхээр гайхсан байж болох юм. Манай тамирчдаас сэргээшийн шинжилгээг дахин дахин авсан. Шинжилгээний дээжийг аваад шууд лацдаад явуулдаг юм билээ. Хэрэв энэ үеэр шинжилгээ өгөхгүй, эсвэл байхгүй байж таарвал тамирчдыг сэргээшийн шинжилгээ өгөхөөс татгалзсан хэмээн шууд тэмцээнд оролцох эрхийг эхний удаад хоёр жилээр хасдаг журамтай. Бид шинжилгээгээ өгсөн. Хариу нь ч сайн гарсан. Элдэв юм хэрэглэе гэсэн ч энэ талын мэдлэг байхгүй шүү дээ. /Инээв/  
  
-Тивийн аварга шалгаруулах тэмцээнд манайхан хэдэн удаа оролцсон бэ?

-Манайхан Азийн аваргад тасралтгүй оролцож байгаа. 2010 оны тивийн аваргын 12-14 насны ангилалд тамирчин Ч.Золбоо, дасгалжуулагч багш С.Тунгалаг нар анхны хүрэл медаль, 2012 онд Г.Наранхүү, Б.Гандулам нар насанд хүрэгчдийн ангилалд хосын төрлөөр хүрэл медаль, түүнчлэн 12-14 насны ангилалд Б.Хаш-Эрдэнэ, Х.Содчимэг нар өсвөрийн хосын төрөлд алтан медаль хүртсэн байдаг.

“СПОРТЫН ШУУДАН”
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж