Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн хоёрдогч зах зээлийн арилжаанд нэгэн шинэ компани хөл тавьлаа. Энэ нь бетон зуурмагийн үйлдвэртэй “Мерекс” ХК бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийн дагуу ийнхүү өнөөдрөөс хоёрдогч зах зээлийн арилжаанд орж байгаа ажээ. Тус хувьцаат компани 2012 оны есдүгээр сард байгуулагдаж, 2014 оны нэгдүгээр сард Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй болсон байна. Нэгж хувьцааны үнийн дүн 115 төгрөг байсан бөгөөд өнөөдрийн биржийн арилжаанд хамгийн идэвхтэй арилжигдсан үнэт цаасны гуравдугаарт орчээ.

Монголын хөрөнгийн биржээр өнөөдөр /дөрөвдүгээр сарын 21/ 18 компанийн нийт 36.6 сая гаруй төгрөгийн 38,126 ширхэг хувьцаа арилжсан байна. ТОП-20 индекс 15,656.57 нэгж байсан нь өмнөх өдрийн арилжаанаас 0.58 хувиар буурсан үзүүлэлт бол зах зээлийн үнэлгээ 1,59 гаруй их наяд төгрөг байлаа. Өнөөдөр 18 хэлцэл хийж, “Ремикон”, “Женко тур бюро”, “Мерекс” компанийн хувьцаа хамгийн эрэлттэй байсан ажээ.