Энэ нь удаан хүлээлттэй байсан асуудал бөгөөд малчдын орлогыг тодорхойлох, нарийвчилсан бүртгэлд хамруулах нь бэрхшээлтэй байгаа ажээ. Хөтөлбөр хэрэгжсэнээр малчид өөрийн нэрийн данстай болж, орлогоо тогтворжуулах, арилжааны банкнаас зээл авч, орон сууцтай болох боломж бүрдэхийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас онцоллоо. Малчдын орлого цаг уурын байдлаас ихээхэн хамааралтай, эрсдэлтэй байдаг тул сар бүр тогтмол орлогогүй. Энэ онцлогыг харгалзан үзэж малчид авсан орон сууцныхаа зээлийн төлбөрийг жилдээ хоёр удаа хийж байхаар журманд одоогоор заажээ.
Монгол Улс 146 мянган малчин өрхтэй гэсэн тооцоо бий бөгөөд үүний 61 хувь нь 200-1000 малтай ажээ. 200 малтай өрх гэхэд нэг жилд дунджаар 4.8 сая төгрөгийн орлого олдог бол 1000 малтай айлын жилийн орлого 51.6 сая төгрөгт хүрдэг судалгааг албаныхан хийсэн байна. Малчдыг үл хөдлөх хөрөнгөтэй болгоход дийлэнх малчдын орлого хангалттай гэж үзээд ийнхүү бодлогын төвшинд анхаарч буй ажээ.