Санал өгсөн сайд нарын асуудлаар цэцэд ханджээ

Хуучирсан мэдээ: 2014.04.21-нд нийтлэгдсэн

Санал өгсөн сайд нарын асуудлаар цэцэд ханджээ

Сайд нарыг өөрсдийнхөө төлөө санал өгсөн хэмээн Үндсэн хууль зөрчсөн эсэхийг шалгуулахаар иргэн Б.Цэрэн Үндсэн хуулийн Цэцэд өнөөдөр ханджээ. Сайд нарын "давхар дээл"-ийг тайлах хуулийн төслийг өнгөрөгч долоо хоногт хэлэлцэхэд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгаас бусад сайд нар санал хураалтад оролцсон. Тэрээр Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин, Ч.Улаан, Л.Болд, С.Оюун, Н.Батбаяр, Ч.Сайханбилэг, Ц.Баярсайхан, Д.Ганхуяг, Ц.Оюунгэрэл, Я.Санжмятав, М.Сономпил, Л.Гантөмөр, С.Эрдэнэ нар санал хураалтад оролцож, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 91.6, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8.2 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байгаа аж.

Мөн эдгээр гишүүд ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн ямар ч мэдэгдэл гаргалгүйгээр санал хураалтад оролцож, өөрийгөө 2016 он хүртэл Засгийн газрын гишүүнээр ажиллаж болохоор санал өгсөн нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзжээ.  Өмнө нь УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганаар Дээд боловсролын санхүүжилтийн тухай хуулийг хэлэлцэхэд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол нарыг хувийн их, дээд сургуультай учир дээрх хуулийн заалт уншин сануулж, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцуулалгүйгээр хуралдааны танхимаас гаргаж асуудлыг шийдэж байсан. Ийнхүү хууль зүйн хувьд ижил үр дагавар буюу ашиг сонирхлын зөрчил үүссэн байхад нэр бүхий гишүүд хуулийн тодорхой заалтыг зөрчин ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ нотлон тайлбарлалгүйгээр санал хураалтад оролцсон нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн нэг дэх хэсгийн “Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасныг зөрчсөн гэж иргэн Б.Цэрэн үзэж байгаа юм байна.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж