“Хөгжлийн банкны дансанд 1.8 их наяд байна”

Хуучирсан мэдээ: 2014.04.21-нд нийтлэгдсэн

“Хөгжлийн банкны дансанд 1.8 их наяд байна”

Монгол Улсын Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат өнөөдөр /2014.04.21/ “Зангиагүй уулзалт” зарлаж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр уулзалтын эхэнд дэлхий дахинд Хөгжлийн банк хэрхэн ажилладаг, хэдэн ангилалтай байдгаас эхлээд Монгол Улсын хөгжлийн банкны үйл ажиллагааг танилцуулсан юм. Хэвлэлийнхэнд төдий л нээлттэй бус албан тушаалтны жагсаалтад дээгүүр давхидаг Н.Мөнхбат захирлаас уулзсан дээрээ асуух зүйл сэтгүүлчдэд тун их байлаа. Тиймээс түүний албан танилцуулгыг алгасч, асуулт хариултыг уншигчдадаа хүргэе.

888 ТӨСЛӨӨС САЙНЫГ НЬ ЭХЭЛЖ САНХҮҮЖҮҮЛНЭ

Засгийн газраас нээлттэйгээр зарласан төслийн шалгаруулалтад үйлдвэрлэгчид 1158 төсөл бичиж, уралдсанаас 888 төсөл “ок” үнэлгээ авсан. Тэдгээрийг шалгаруулсан гол үзүүлэлт нь экспортыг дэмжиж, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл юм. 888 гэдэг тоог бэлгэдлийг бодож сонгосон гэх ч мянга шахам үйлдвэрлэгчид итгэл тээн санхүүжилтээ хүлээж суугаа. Тиймээс эдгээр төслийн санхүүжилт тойрсон асуулт хамгийн олон давтагдсан юм.

-Засгийн газраас шалгаруулсан 888 төслийг яг хэзээнээс санхүүжүүлэх вэ.  Санхүүжилтийн эх үүсвэр Засгийн газар болоод Хөгжлийн банкинд байгаа юу гэдэгт эргэлзсэн хүмүүс олон байна. Ямар төслийг нэн түрүүнд санхүүжүүлэх вэ?

-888 төслийн санхүүжилтийг 2014 оны тавдугаар сард багтаан санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Тиймээс ирэх сард санхүүжилтийг өгч эхэлнэ. Дээрх төслөөс алийг нь эхэлж санхүүжүүлэхийг арилжааны банкууд шийдвэрлэнэ. Учир нь, төслүүдийг Хөгжлийн банк шууд санхүүжүүлэхгүй, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг 14 арилжааны банкаар дамжуулан үйлдвэрлэгчдэд хүргэх юм. Хөгжлийн банк арилжааны банктай хамтарч ажиллаж буй анхны жишээ 888 төсөл биш юм. Өмнө нь жижиг дунд үйлдвэрлэлийн санхүүжилт болон  ҮХАА-нд хэрэгжиж буй таван салбарын төслийг мөн арилжааны банкуудаар дамжуулан санхүүжүүлсэн. Тиймээс өмнөх туршлагадаа тулгуурлан, алдаа оноог засч залруулан хэрэгжүүлэх юм. Одоогийн байдлаар арилжааны банкуудтайгаа санамж бичиг байгуулахад бэлэн болоод байгаа. Тэрхүү санамж бичгийг үзэсглэсний дараагаас банкууд төслүүдээс хамгийн сайныг нь санхүүжүүлж эхлэх болно. Санхүүжилтийн эх үүсвэрийн хувьд хангалттай бий. Нэг их наяд хүртэлх төгрөгийн санхүүжилт хийхээр анхнаасаа нийтэд зарласан. Төслүүдийн санхүүжилт түүнээс давлаа гэхэд бидэнд шинэ эх үүсвэрээс санхүүжүүлэх боломж бий.

-Эдгээр төслөөс арилжааны банкуудын шалгуурыг давах боломжтой төсөл цөөн байгаа гэсэн мэдээлэл бий. Төслийн санхжүүжилтийг заавал арилжааны банкаар дамжуулалгүй олгох боломж байгаагүй юм уу. Төслүүд шалгуур даахгүй “унавал” үйлдвэржилтийг дэмжих зорилттойгоо зөрчилдөөд байгаа юм биш үү?

-Арилжааны банкаар дамжуулах нь буруу шийдэл биш. Банкууд мэдээж хамгийн сайн чанартай, барьцаа баталгаагаар хангагдсан, хэрэгжих боломжтой, төслөө сайн боловсруулсан, зах зээлийн судалгаа, бизнес төлөвлөгөөгөө сайн хийсэн төслүүдийг эхэлж санхүүжүүлнэ.

-Таны хэлээд байгаа энэ шалгуурыг давах хэчнээн компани байгаа бол. Магадгүй 888-аас найман төсөл л санхүүжилт авах байх гэсэн хардлага байгаагийн дээр 888 төсөл дотор УИХ-ын гишүүн бүрийн 1-2 төсөл бий гэх юм. Энэ үнэн үү?

-888 төслийг арилжааны банкууд санхүүжүүлэх бүрэн боломжтой төсөл. Тиймээс төслүүдийг урт хугацаат эх үүсвэрээсээ санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Эцсийн зээлдэгчид есөн хувийн хүүтэй зээл очно. Сонгон шалгаруулалт бол хэдийнэ дууссан. Одоо санхүүжилт авах эсэх нь үйлдвэрлэгчдээс шалтгаална. Бид урьдчилж тоо хэлэх боломжгүй. Амьдралд хэрэгжих боломжтой төсөл болгоныг л санхүүжүүлэхийг хичээж байгаа.

-Үндэсний даатгалын корпораци эрсдэлтэй төслүүдэд баталгаа гаргана гэж яригдаж байсан. Энэ талаар эцэслэн шийдсэн үү?

-Арилжааны банкуудын шалгуур даваагүй төслүүдэд дэмжлэг үзүүлэх үүднээс Үндэсний даатгалын корпораци байгуулахаар яригдаж байгаа. Үндэсний даатгалын корпорацийн хувьд бусад даатгалын компаниудтай өрсөлдөх бус, хамтран ажиллах болов уу гэсэн төсөөлөлтэй байгаа.

ХАНШИЙН ЗӨРҮҮГЭЭС АЛДАГДАЛД ОРСОН ЗҮЙЛГҮЙ

-Шинэ төмөр зам төслийн санхүүжилт яагаад зогссон юм бэ?

-Шинэ төмөр зам төслийн тухайд Чингис бондын мөнгөнөөс 200 сая ам.доллар, Хөгжлийн банкны өөрийнх нь эх үүсвэрээс 55 сая ам.долларын санхүүжилт олгохоор шийдэж, хуваарийн дагуу санхүүжүүлж байгаа. Дэд бүтцийн ажлын санхүүжилтийг эхний авсан мөнгөө зарцуулж, гүйцэтгэл нь гарсны дараа дараагийн санхүүжилтийг олгож байгаа. Бидний зүгээс санхүүжилтийг зогсоосон зүйлгүй. Хэвийн явагдаж байгаа. Чингис бондоос олгох 200 сая ам.долларын 164,2 сая ам.долларыг олгосон, хийвэл зохих ажлын 24 хувь нь хийгдсэн байгаа. Далангийн ажлынхаа 70 хувийг гүйцэтгэсэн.

-Чингис бондын хүүнд хэдий хэрийн мөнгө төлөөд байгаа вэ. Валютын ханшийн хэлбэлзэл бондын эргэн төлөлт, хүүнд нөлөөлж байгаа юу?

-Чингис бондын хүүг хэвийн хэмжээнд төлөөд явж байгаа. Валютын ханшийн эрсдлийн хувьд гэвэл анхнаасаа гадаад валютаар орж ирсэн учраас ханшаас болж алдагдал, хүндрэл хүлээсэн тохиолдол одоогоор үүсээгүй.

-Чингис бондоос санхүүжүүлж буй төслийн үр ашгийг хэрхэн тооцож байгаа вэ?

-Монгол Улсын хувьд Хөгжлийн банк бодлогын банк хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс УИХ, Засгийн газарт хэлэлцэж, үр ашгийг нь тооцсон төслүүдийг л санхүүжүүлж байгаа. Ихэнх төслүүд нь эртнээс яригдсан төсөл байгаа. Тэгэхээр бодлогоор тодорхойлогдсон томоохон төслүүдийн эх үүсвэрийг нь гацаахгүй байх, байнга шинэ эх үүсвэр бүрдүүлэх  нь бидний үүрэг юм.

-Самурай бондыг Монгол Японы Засгийн газар хоорондын бонд мэтээр мэдээлж байгаа. Гэтэл Японы талаас банк хоорондын бонд шүү гэж тодорхойлоод байгаа юм билээ?

-Самурай бондыг банк хоорондын бонд гэж тодорхойлж болохгүй. Японы дотоодын иений хөрөнгийн зах зээлд гаргасан бонд. Японы банкууд, хөрөнгө оруулалтын болон даатгалын сангууд Самурай бондыг худалдан  авсан. Янз бүрийн л хөрөнгө оруулагчид бий. Банкууд бонд худалдан авлаа гээд банк хоорондын бонд гэж нэрлэж болохгүй юм. Самурай бондын 95 хүртэлх хувьд нь Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас баталгаа гаргаж өгсөн. Энэ бол маш том боломж. Манай улсын зээлжих зэрэглэл 1В. Ийм зэрэглэлтэй улсад бондын баталгаа гаргасан анхны тохиолдол Самурай бонд гэж тодотгож байсан. Тиймээс Японы Засгийн газар хүчтэй дэмжлэг үзүүлсэн хэрэг юм.

-Бондын мөнгө арилжааны банкаар дамжиж орж ирсэн гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Тийм боломжгүй. Бондын мөнгө арилжааны банкаар огт дамжаагүй. Хөгжлийн банкны 580 сая ам.долларын эх үүсвэр Хөгжлийн банкны Монгол банкин дахь тусгай дансанд орж ирсэн байдаг. Чингис бондын мөнгө Монголбанкин дахь Төрийн сангийн дансаар, Самурай бондын мөнгө Хөгжлийн банкны тусгай дансанд орж ирсэн. Тиймээс шууд арилжааны банкаар дамжуулах үндэслэлгүй.

-Хөгжлийн банкинд одоогоор хэдий хэрийн мөнгө байна вэ. Хөгжлийн банк улстөрчид болон Засгийн газрын хөл гар болж байна гэсэн шүүмжлэл хүчтэй өрнөж байна. Үүнд ямар хариу өгөх вэ?

-Одоогийн байдлаар Хөгжлийн банкинд санхүүжилт хийх боломжтой мөнгөн хөрөнгийн хэмжээ 1,8 их наяд төгрөг. Ихэнх төслийг гүйцэтгэлээр санхүүжүүлж буй учир төслийн санхүүжилтийн үлдэгдэл ч багагүй бий. Чингис бондын зарцуулаагүй үлдэгдэл 1,4 их наяд төгрөг байгаа. Үүнээс 400 орчим тэрбум нь хуваарилагдаагүй эх үүсвэр юм. Тиймээс энэ эх үүсвэрийг 888 төслийг санхүүжүүлэхэд зарцуулж болох юм.

Гадуур янз бүрийн л шүүмжлэл өрнөдөг. Гэвч Хөгжлийн банкнаас 2012 он гаргасан 580 сая ам.доллар, Чингис, Самурай бондын мөнгө зах зээл дэх хатуу валютын хомсдлыг эерүүлэх, эдийн засагт үүсэх савлагааг багасгах, худалдааны тэнцэл сайжрахад нааштайгаар нөлөөлсөн. Цаашдаа ч гадаад зах зээлээс үүсвэр гаргахад боломжтой байгаа. Гадаад зах зээл дээр ч Монгол Улсын бондыг худалдан авах эрэлт буураагүй.

-"Эрдэнэс Тавантолгой" ХК-д зээл олгосон юм байна. БНХАУ-ын төрийн өмчит "Чалко" компанийн өрөө төлж амжаагүй, дээрээс нь арилжааны банкуудад их хэмжээний өртэй гэх энэ компани танайхаас авсан зээлээ төлж чадах уу. Эрсдлийг хэрхэн тооцож зээл олгосон бэ?

-"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьд "Чалко"-гийн өрийг дарж яваа. Үйл ажиллагааны хувьд доголдсон зүйлгүй. Манайхаас авсан зээлийн тухайд арилжааны банкны зээлээс бага, долоон хувийн хүүтэй зээл байгаа. Тиймээс асуудал үүсгэхгүй хэвийн төлж байгаа гэлээ.

Д.ЦЭЭПИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж